Харийн газар “Хулгайч Монгол”-оор дуудуулж яваа Эзэн Чингисийн үр садаа яах вэ
Угаас ядуу монголчууд дэвэн дэлхийгээр хэрэн хэсч хулгай хийж явна. Баруун Европ, Зүүн өмнөд Азийн орнуудад энэ талаараа хэдийнэ “нэрд гарсан”. Дэлхийгээр нэг шившиг. Хуучны уламжлалт харилцаатай Польш улсад “Монгол хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичигтэй дэлгүүр, рестораныг төвөггүйхэн олж болох гэнэ. Хэдэн жилийн өмнө Макаод бас ийм асуудал дэгдэж Монголын дипломатууд нүүрээ ширлүүлж, нүдээ улалзуулан байж “монгол хүн нохой хоёр”-ын эрхийг хамгаалсан удаатай.
Ер нь хэрхэн гоё хулгай хийснээ өөр хоорондоо бахтайяа ярилцдаг юм байх. Монгол хүнд хулгай бахархал болно гэдэг аймаар уу.
Өмнөд Солонгост “Монгол хүнд үйлчлэхгүй” гэсэн бичигтэй худалдаа үйлчилгээний газрууд хаа сайгүй байх болсон гэдгийг тэнд ажиллаж амьдардаг монголчууд хэлж байх юм.
Европын улс орнуудад ажиллаж, амьдардаг зарим монголчуудын амьжиргааны эх үүсвэрийн багагүй хэсэг нь хулгайн эд бараа эзэлдэг болжээ. Бүр гудамжинд үзүүлэнд тавьсан том инчийн телевизорыг хүртэл эзнийх нь нүдэн дээр хулгайлчихдаг юм байх. Үүнийгээ бахархангуй ярьж байвал яахав. Ер нь хэрхэн гоё хулгай хийснээ өөр хоорондоо бахтайяа ярилцдаг юм байх. Монгол хүнд хулгай бахархал болно гэдэг аймаар уу.
Хэдэн жилийн өмнө Францаас Италийг зорьж ирсэн автомашиныг цагдаа нар саатуулахад хулгайн үнэртэй ус дүүрэн ачсан монголчууд явж байсан гэдэг. Хулгайн бараагаа монголчууддаа хямд үнээр борлуулдаг. Эсвэл албан ажлаар болон байран байдаг монголчуудаас сонирхож буй барааных нь захиалгыг авч хулгай хийж нийлүүлдэг гэнэ.
Тэнд ажиллаж амьдардаг нэгний ярьснаар Эзэн Чингисийн үр удам гэгддэг монголчууд маань удахгүй Европ дахь хамгийн муу нэртэй үндэстнээр нэрлэгдэхэд ойрхон байгаа ажээ. Оготонын уршиг олондоо гэгчээр албан ажлаар Европт зорчиж буй Монголын төрийн албан хаагчид үйлчлэхээс татгалзсан удаа ч байгаа юм байх.
Хулгайч Дорж гэж ярихгүй, хулгайч Монгол л гэж эх орны минь нэрээр дуудна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог. Нэг хулгайчийн төлөөсөнд Монгол улс, монголчууд бүгдээрээ “хулгайч” гэсэн нэр хоч зүүж, орчлонгийн хамаг булай бузарыг дайж явах хэрэг үү.
Монгол Улсын гурван иргэн өнгөрсөн пүрэв гарагт /2019.03.28/ Тайландын хааны ордонд хулгай хийжээ. М.Батболд, С.Солонго, Г.Золзаяа гэх гурван иргэн Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан байна. Тэд жуулчид ихээр очдог Тайландын хааны ордон байсан сүмийг үзэж явсан АНУ-ын жуулчдын бэлэн мөнгө, банкны карт болон бусад эд зүйлийг нь хулгайлжээ. Хулгайлсан картаараа бүр худалдан авалт хийгээд амжижээ.
Тайландын хааны ордон нь Тай хүмүүсийн хамгийн их хүндэтгэж, дээдэлдэг ариун газар бөгөөд түүхэндээ ийм хэрэг гарч байгаагүй учраас тайландууд маш их бухимдаж, энэ тухай хэлэлцүүлэг өрнөж байгаа аж. Иргэдийн зүгээс бүр цаазаар авах нь зөв гэсэн санал бодол илэрхийлж байгаа гэнэ.
Өнгөрөгч сарын 18-нд Тайландын нисэх онгоцны буудалд манай улсын гурван иргэн бүлэглэн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдснаас хойш дахин ийм шившигтэй хэрэг гарч байгаа нь энэ.
Хэдэн жилийн өмнө Тайландад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Баттөмөртэй Бангкок хотноо уулзаж ярилцаж билээ. Тэгэхэд Элчин сайд хулгайн хэргээр 10-аад монгол залуучууд Тайландад 2-10 жилийн хорих ял эдэлж байгаа гээд сая цагаан сарыг тохиолдуулан эргээд ирсэн хэмээн ярьж байсан юм даг.
Эх орон, Эзэн Чингисийн үр удам хэмээн цээжээ дэлддэг монголчуудын маань зарим нь хилийн чанадад ингэж Монголынхоо нэрийг хулгайн шившигтэй хутгаж явна. Монголд маань муугаар дуудуулах юм дутаагүй. Судалгаагаар монголчуудын гадаадад үйлдсэн гэмт хэргийн 70 хувийг хулгайн хэрэг эзэлж байгаа аж.
Хулгайч Дорж гэж ярихгүй, хулгайч Монгол л гэж эх орны минь нэрээр дуудна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог. Нэг хулгайчийн төлөөсөнд Монгол улс, монголчууд бүгдээрээ “хулгайч” гэсэн нэр хоч зүүж, орчлонгийн хамаг булай бузарыг дайж явах хэрэг үү. Гадаадад хулгай хийсэн монголчуудын гадагшаа зорчих эрхийг нь хязгаарлахаас эхлээд хариуцлага баймаар. Аль эсвэл өөгшүүлж өхөөрдөөд байх юм уу.
Г.Хантулга