“Нэг монгол хүн хулгай хийхэд бүх монголчуудын үүд хаагддаг”

467

“Чингисийн...”  гэж дэлхийд танигдсан монголчууд одоо “Хулгайч” гэдгээрээ алдаршлаа.Хаа явсан газраа хулгай хийж, тэгснээрээ тухайн улсын хяналтынхан нь монголчуудыг өөрөөр харж, хяналт шалгалт нь чангарч байна. Монголчуудыг тусгай шалган нэвтрүүлэхээр нэвтрүүлж, асууж шалгаадаг болж. Монголчууд хулгайч гэдэг нь одоо бүр дэлхий дахинд хэвлэлээр тархах нь. Саяхан Бангкок хотын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилсан талаар гаднын хэвлэлүүд  онцолсон. Тайландын цагдаагийн газар тэднийг “26 настай  И.Мөнхбаяр, 27 настай  Г.Ихбаяр нарыг Монголдоо алдартай реп дуучид” хэмээн мэдээлсэн. Тэд  Словакын жуулчны 2000 баттай хэтэвч болон бусад үнэт эд зүйлсийг авсан байжээ. Хулгайн хэрэг гарсны дараа ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олдсон аж. Цагдаа нар хяналтын камерын бичлэг шалгаад гурван этгээд хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон. Ингээд дуусахгүй өнгөрсөн сарын 18-нд Бангкок хотын олон улсын нисэх буудал дээр халаасны хулгай хийж байсан гурван монгол хүнийг тус улсын цагдаагийн байгууллага баривчилсан тухайгаа мөн дурдсан байдаг. Тэд баригдахаасаа хоёр долоо хоногийн өмнө нисэх буудлаар үйлчлүүлж байсан жуулчдын халааснаас эд зүйлийг хулгайлж байгаа нь хяналтын камерт бичигдсэнээр баригдсан юм. Саатуулагдах үедээ их хэмжээний гадаадын мөнгөн дэвсгэрт буюу 200 мянган тайланд бат, 8600 ам.доллар, 3650 евро, 900 мянган иен, 1355 аргентин песо, 400 мянган вьетнам дон, 500 австрали доллар биедээ авч явсан байдаг. Түүнээс гадна тухайн сарын 28-нд  Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр гурван монгол иргэн баривчлагдсан байдаг. Нэг улсад, нэг сарын дотор гурван хулгайн хэрэг. Ойрын жишээ дурдахад ийм байна.

Гэтэл хулгай хийдэг хэсэг монголчуудын ард гэмгүй монголчууд хэлмэгдэж, гадагш гараад нүд үзүүрлэгддэг болсон. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Түүн шиг нэг монгол хүн хулгай хийвэл нийт монголчуудыг “Хулгайч” гэж цоллуулж, чичлүүлсээр байгаа юм. Аргаа барахдаа “Дэлхийгээр аялагчид” хэмээх цахим хуудаст “За би нь хятадын Шэнжинд амьдарч байгаа юмаа. Хоёр өдрийн өмнө Хонконгоос 5 залуус (2 эрэгтэй,3 эмэгтэй) хулгай хийгээд Шэнжинээр дамжин зугтжээ. Өчигдөр өдөр манай хэсгийн гурван цагдаа ирж шалгаад тухайн мэдээллийг өгөөд явлаа. Монголчууд минь хаа явсан газраасаа юм хумсалж байхаа болиорой. Өөрсдийгөө баригдахгүй мундаг байлаа гэж бодож дахин битгий давраарай. '' Нэг монгол хүн хулгай хийлээ “ гэхээр ард нь үлдэх 100 монголын үүд хаагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж уриалах вэ дээ.

Б.Болор-Эрдэнэ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>