Баян-Өлгийд тарваган тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

649

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Цагааннуур тосгонд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-нд хоёр иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилж, нас баржээ.

Тухайн иргэд нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд нөхөр “Т” нь дөрөвдүгээр сарын 28-ний өдөр, эхнэр “Р” нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад тавдугаар сарын 1-ний өдөр нас барсан байна.

Тарваган тахал нь уушгины, булчирхайн, залгиур хоолойн, гэдэсний, арьсны гэсэн таван хэлбэрээр өвчилдөг. Тэгвэл иргэн “Т” нь гэдэсний, иргэн “Р” булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр тогтоогджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх үүднээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зургаа хоног Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж. Мөн хорио цээр тогтоосон бүсэд хэд хэдэн орны жуулчид байгаа юм байна.

Тарваган тахлаар өвчилж нас барсан иргэдийн нэгдүгээр хавьтагч болох хүмүүсийг байнгын эмчийн хяналтанд байлгаж, өдөрт 3-4 удаагийн үзлэг хийж, зохих шинжилгээг авч, эмийн эмчилгээг хийж байгаа ба одоогоор өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өглөө.

Тарваган тахлын халдварын нууц үе зургаа хоног байдаг. Энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулдаг юм байна. Тиймээс өнөөдөр Баян-Өлгий аймгийн онцгой комисс хуралдаж хорио цээрийн дэглэмийг тэлэх, хумих болон сунгах эсэх талаар шийдвэрийг гаргах юм байна.

УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ НЭГ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

Түүнчлэн өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд тарваган тахал өвчний сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ.

Үүний дагуу Увс аймгийн ЗӨСТ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлэн ажиллаж, шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.

Аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэх тархвар зүйн судалгаагаар 16 хүн байгааг илрүүлж, хавьтлын дэлгэрэнгүй судалгаа хийж байгаа юм байна.

ЗӨСҮТ-өөс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ба иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарваган тахлын дархлаажуулалтанд жил бүр хамрагдах;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.
 

 Эх сурвалж: МХЕГ, ЗӨСҮТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>