ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд
Монголын дипломатуудын үйлдсэн онц ноцтой гэмт хэргүүд дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Саяхан л "Монголчууд суугаа орноосоо хулгайлаад байна. Улсынхаа нэр хүндийг унагаагаад байна" гэж иргэдээ матдаг байсан нөхөд өнөөдөр өөрсдөө гэмт хэргийн бүлэглэл болж эхэлжээ.
Өнгөрөгч даваа гариг буюу энэ сарын 3-ны өдөр Монгол улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагдсан талаар өмнө мэдээлсэн. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа, нэрийг нь хэлэх боломжгүй” гэсэн билээ.
Мөн "ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Истанбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн. Консулаар нэг жил ажиллаж байгаа, өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ бол Монгол Улсын нэр хүндийг унагасан маш ноцтой асуудал" гэв.
Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героины төрөл бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг хар тамхи байжээ. (Мафийн бүлэглэл ч ийм хэмжээний "бараа" тээвэрлэхдээ хулчийх байсан биз. Кино юм уу, хаашаа) Нийтдээ гурван сая евротой тэнцэх хар тамхийг тэднээс хураан авсан байна.
ГХЯ өнөөдөр "бид дипломатуудтай холбоотой ямар ч гэмт хэргийг нууцлаагүй" гэж л байна. Гэвч өмнө нь тэдний нуусан, нууцалсан байж болзошгүй, дипломат ажилтнууд оролцсон бас нэг хэрэг одоогоос зургаан сарын өмнө Дрездэнд гарчээ.
ОХУ дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат /паспортын дугаар D0008145/ Эрдэнэбаатарын Оргил /паспортын дугаар D0033462/ нар 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна.
Шалгалтын явцад тэднээс их хэмжээний эм, эмийн бэлдмэл олжээ. Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан байна.
Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгасан байна. ХБНГУ-д суугаа манай ЭСЯ-ны холбогдох ажилтан уг мэдээллийг авмагцаа консулын үйлчилгээ үзүүлэхээр очиход Т.Мөнхбат, Э.Оргил нар нь үйлчилгээ авахаас татгалзаж, өөрсдийн шугамаар өмгөөлөгч хөлсөлнө хэмээн буцаасан гэх.
Холбооны прокурорын газраас тэднийг цагдан хорих шийдвэр гаргаж, одоо Дрездэн хот, Гөрлитз хотын шоронд тус тусдаа хоригдож байна.
Эх сурвалжийн мэдээлснээр бичиг баримтыг нь хуурамчаар үйлдвэрлэсэн 089D93 77 дугаартай автомашин нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин юм байна. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг машин ЭСЯ-ны III байрны авто зогсоолд тавиатай байсан, 10 хоног хөдөлгөөнгүй зогссон хэмээн бүртгэгджээ. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байжээ.
Германы шоронд хоригдож буй Т.Мөнхбатын хувьд ОХУ-ын Улаан-Үд хотод консулаар томилогдож очсоноосоо хойш удалгүй ажлаа орхин Москва руу нүүсэн гэх мэдээлэл байна. Тэнд суурьшиж байхдаа дээрх хэргийг үйлдсэн бололтой.
Харин “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуягийн хувьд автомашины дугаар, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт ямар нэг байдлаар хамжиж тусалсан, хамтран оролцсон гэх мэдээлэл одоогоор байхгүй байна.
ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN
Б.ЗАЯА