Ороо морьд /өгүүллэг/
Зохиолч: Н.Тайванжаргал
Зуны эхэн сарын бүлээн наран дээрээс тааламжтайхан ээх агаад урд жилийн өвсний шаргал өнгийг дарсан шинэ ногоо хаа сайгүй сэрвийж газар ногоон өнгөөр аль хэдийн гоёжээ.Тэртээх холын зэрэглээн дунд гурван бараан дүрс дайвалзан салж нийлэн ойртох аж .Дөтлөн ирэх нь цувж яваа гурван адуу байлаа .Өмнө нь яваа урт дэлтэй хээр морь бол Дамдин хэмээх хүний унаган адуу бөгөөд сүүлийн таван жил нуруундаа талын салхинаас өөр юу ч хүргээгүй байгаа билээ. Дунд нь яваа мөн л урт дэлтэй халтар морь бол хээр морины дүү юм. Харин хойно нь яваа жижигхэн биетэй цавьдар морь бол Хишигт гэж хүний унаган адуу бөгөөд эмнэг хангалаараа яваа аж Одоогоос хэдэн жилийн өмнө эзэн Дамдин холоос угшил сайтай үрээ авч азарга тавьсан бөгөөд шинэ азарга нь морь хасдаг байсан тул морьдоо тал тийш хөөснөөс хойш хээр морь, халтар морь хоёр адуутай нийлэхээ байж хоёулахнаа явсаар ороо болжээ.Харин Хишигт цавьдар морио шүдлэн үрээ байхад сургах гэж ижлээс нь авч үлдсэн ч шөнө нь цулбуураа тастан алга болсон байна..Нэг хэсэг ганцаараа явж байгаад энэ хоёр морьтой нийлсэн байна. Хүний бараа хармагц эдгээр морьд давхиад явчихдаг тул ойртох аргагүй бөгөөд олон удаа барих гэж оролдсон ч ямагт эдгээр морьд дутааж амждаг байлаа.