Байр горьдсон иргэд эхлээд ТОСК дараа нь НОСК-ийг царайчлах уу

124

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууц ч зарим иргэнийг ёстой л “мөн ч их хүлээсэн дээ” гэдэг харууслыг нь тээлгэн хуваарилалт хийгдэхээр боллоо.

Учир нь дээрх хорооллын эхний ээлжийн орон сууцыг ТОСК-ийн мэдэлд байх үед анхны /2016 оны 3 сар/ бүртгэл, сугалаа болсон. Тухайн үед нийт 2600 гаруй иргэн материалаа бүрдүүлж өгснөөс 600 орчим нь түрээсийн байранд хамрагдаж, үлдсэн 2000 орчим иргэн дараагийн түрээсийн байранд орохоор хүлээлгэнд шилжсэн. Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд /12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны гуравдугаар сард дуусгавар болсон. Ингээд иргэд дахин бүртгэх товыг хүлээн “Буянт-Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтын ажилд санаа, чих тавьсаар ирсэн. Ингээд төдийгөөс өдий хүртэл “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны дэд бүтцийн асуудал болоогүй, дулааны шугам, хоолойг нь татаагүй. Дулааныг нь татаагүй учраас дотор заслыг нь хийж болохгүй, хаврын улирлыг хүлээж байна гэх зэргээр дуншиж, дуншиж арайхийн ашиглатад орох болов.

Гэтэл ТОСК-д бүртгэлтэй байсан иргэдийг эхний ээлжинд материалаа бүрдүүлсэн эсэхээр нягтлан оруулах тухай яригдаж байснаа таг чимээгүй болж орхив. Эцэстээ бүртгэлтэй байсан иргэдийн хувьд хулхин дээр нь цэцэг ургуулах гэдэг болж, иргэд орон сууцтай болох байтугай ТОСК-д нөгөө “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууц нь хүртээлгүй болж орхив.

Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдчихсэн учраас бандан пад л даа. Гэвч бүхэл бүтэн Төрийн орон сууцны корпораци нь “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцаа авч чадахгүй болтлоо өрөнд баригдчихсан гэж байгаа юм.

Тодруулбал өмнө нь Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө төлж чадахааргүй болсон. Тиймээс хөрөнгө, мөнгөтэйгээр нь Нийслэлийн орон сууцны корпорацид ийн шилжүүлсэн хэрэг. 

Ингээд бүх эрх мэдэл “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжсэн. Бүх журам, дүрмээ баталсан. Өнөөдөр хэдхэн цагийн дараа бүртгэл нь эхэлнэ. Өмнө нь ТОСК-ийг хүлээж байсан иргэд одоо амаа барьж, төрд итгэсэндээ харуусах үлдэж, харин бүртгэл, нягтлал, шалгаруулалт хэр үнэн зөв байж иргэд орон сууцаар хангагдах бол гэдгийг харах л үлдлээ. 

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.