ТАНИЛЦ: Шуудангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтүүд

452

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Хуульд оруулсан өөрчтлөлтүүдийг танилцуулж байна.

  1. Шуудангийн талаарх төрийн зохицуулалт, салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн ялгаа, заагийг тодорхой болгож, салбарын удирдлага, зохион байгуулалтын давхардал, шат дамжлагыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулсан. 
  2. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, шуудангийн үндсэн сүлжээ ашиглах эрх олгох, хяналт тавих журмууд болон үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркийг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар баталж байхаар хуулийн зохицуулалтыг шинээр бий болголоо.
  3. Шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, түүнчлэн олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, олон улсын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахаар нэмж тусгасан.
  4. Соёлын үнэт өв болох шуудангийн маркийн тодорхойлолтыг олон улсын конвенцод нийцүүлэн тодорхойлж, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар хуульчилсан. 
  5. Монгол Улсын олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн “захидал”, “боодол”, “шуудангийн хайрцаг”, “шуудангийн нэгдсэн код”, “шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч”, “шуудангийн үйлчилгээ”, “үйлчлүүлэгч” гэсэн хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг шинэчлэн тусгаж, дэлхийн шуудангийн байгууллагаас улс орнуудад хөгжүүлэхийг уриалсан шуудангийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг сайжруулсан. 
  6. Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд буюу шуудангаар үйлчлэгч нь шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа эсэх талаараа холбогдох мэдээллийг үйлчлүүлэгчдэд мэдээлэх, сүлжээнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээх бол шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу ижил нөхцөлөөр бусад үйлчлэгчид түрээслүүлэх зохицуулалтыг оруулсан.
  7. Шуудангийн илгээмжийн зэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлж, улс хоорондын шуудангийн илгээмжид хамаарагдах зохицуулалтуудыг тодорхой болгож, шуудангаар илгээхийг хориглох зүйлсийг илүү нарийвчлан тодорхойлсон.
 

Уг хууль батлагдсанаар шуудангийн салбарыг уламжлалт үйлчилгээ бүхий өнөөгийн түвшнээс олон улсад өрсөлдөх чадвартай, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, түүний давуу талд тулгуурласан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, найдвартай, хурдан шуурхай хүргэлт хийх шууданг Монгол Улсад бий болгон хөгжүүлэхэд оршино.

Түүнчлэн шуудангийн үйлчилгээгээр дамжуулан бусад салбарт шинэ үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх цахим худалдаа, илгээмжийн үйлчилгээг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, соёлын үнэт өв болох маркийн улсын фондыг хамгаалах, зөв зохистой хадгалах нөхцөл бүрдэх, өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, жижиг дунд үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>