Квантын компьютерын өрсөлдөөнд АНУ тэргүүлж эхэллээ

760

АНУ квантын компьютерын өрсөлдөөнд БНХАУ-аас түрүүлж нэг алхлаа. Тодруулбал, энэ долоо хоногт Америкийн “Google” компани дэлхийн хамгийн анхны квантын компьютерыг амжилттай зохион бүтээж дууссан юм. Уг компьютер нь дэлхийн хамгийн хурдан супер компьютерын 10.000 жилийн турш хийх бодолтыг ердөө 200 секундэд боловсруулах чадалтай. Үүний тусламжтай шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа олон асуултын хариуг гаргаж ирэх боломжтой.

Жирийн компьютер нь өгөгдөл боловсруулах хамгийн бага төвшинд, нэг үйлдлээр зөвхөн “1” эсвэл “0” гэх өгөгдлийн аль нэгийг боддог. Тэгвэл квантын компьютер нь олон зэрэг “1”, “0” болон өөр хоёр оронтой ямар ч өгөгдлийг боловсруулах чадвартай. Үүний үр дүнд уламжлалт машин бодолтын зарчмын дагуу илүү хурдан мэдээлэл боловсруулах боломжтой. Мөн квантын компьютер нь бидний өнөөдрийн мэдэх физик, математик, шинжлэх ухааны суурь ойлголтуудад тусгагдах боломжгүй зүйлсийн хариуг бодох юм. Өөрөөр хэлбэл энэ технологи нь хиймэл оюун ухааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирна. Үүний тусламжтай хамгийн наад зах нь биологийн нарийн төвөгтэй бүх молекулуудыг задалж, хуулбарласнаар анагаах ухаанд тайлбарлах боломжгүй олон асуултад хариулт олох юм.

Эрдэмтэд саяхан хүн төрөлхтөн хамгийн анхны квантын компьютертой болох хугацааг 7-8 жил гэж байв. Гэвч АНУ болон “Google” компани үүнийг харьцангуй хурдан амжилттай хэрэгжүүлжээ. Тиймээс одоо судлаачид БНХАУ ч гэсэн энэ төрлийн технологид нэлээдгүй урагшилсан гэж үзэж байгаа аж. Их гүрнүүдийн хувьд энэ технологи нь хамгийн чухалд тооцогдож буй. Учир нь түрүүлж квантын компьютерыг эзэмшсэн улс өнөөгийн шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй бүх зүйлсийг илрүүлж, патентжуулж авах юм. Үүнээс илүүтэй стратегийн ач холбогдлын хувьд квантын компьютерыг эзэмшсэн улс мэдээллийн аюулгүй байдал, тагнуул, сансар судлал, үй олноор устгах зэвсэг зэрэг салбарт үсрэнгүй тэргүүлэх магадлалтай. Тухайлбал, БНХАУ квантын супер хурдан бодолтыг ашиглан гаднын улсуудын цахим халдлагаас бүрэн хамгаалж, ямар ч систем, суваг, тагнуулын төхөөрөмж, тэр дундаа АНУ-ын хиймэл дагуулуудад мэдэгдэхгүй байхыг зорьж буй. Эрдэмтэд олон мянган тэрбумын хөрөнгийг зарлагдаж буй уг өрсөлдөөний дүнд хүн төрөлхтний технологийн хөгжил хүйтэн дайны үеийнх шиг үсрэнгүй ахина гэж үздэг.  

Гэвч мэргэжилтнүүд энэ төрлийн технологид бусдаас түрүүлж алхана гэдэг ялалт авчрах үндэслэл биш болохыг сануулжээ. Хүйтэн дайны үед ЗХУ дэлхийн хамгийн анхны хиймэл дагуул хөөргөсөн болон задгай сансарт хүн илгээсэн улс болж байв. Гэвч хэдхэн жилийн дотор сансар судлалын салбарт АНУ-д гүйцэгдэж, ялагдаж байсан түүхтэй. Тэгвэл үүнтэй ижлээр квантын компьютерын салбарт ч АНУ-ын тэргүүллийг БНХАУ-аас илүү сайн технологи бүтээхэд ашиглаж болох талтай. АНУ болон БНХАУ-ын хооронд улс төр, мэдээллийн аюулгүй байдал, тагнуул, эдийн засаг, худалдааны дайны асуудал хурцаар тавигдах болсон энэ үед Вашингтоны тал ялалт байгуулахын тулд, одоогоор хүн төрөлхтний тэргүүлэх технологид тооцогдож буй квант компьютерын салбарт хэтэрхий яарсан байх талтайг мэргэжилтнүүд онцолжээ.

О.Мөнхбат

Эх сурвалж: CNN

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>