Жилийн дотор тэрбумтан болсон П.Цагааны ''түүхийг'' АТГ шалгаж эхэллээ

538

Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх, цаашид хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийг өнгөрсөн зургадугаар сард зургаан сараар сунгасан юм. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр болон тус компанийн Улаанбаатар хот дахь төв оффист АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэгжлэг хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Ачит Ихт” ХХК-тай холбоотой өргөн цар хүрээг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
"Ачит-Ихт” компани нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эзэмшлийнх юм. "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. "Эрдэнэт" үйлдвэр, "Ачит-Ихт” компани хоёрын хооронд 2010 оны есдүгээр сарын 3-нд байгуулсан байдаг. Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, "Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ гэрээ нь Эрдэнэтийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор баталсан байдаг юм. Энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд "Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заажээ. Гэтэл энэхүү гэрээ хэлэлцээртэй холбоотой эргэлзээтэй мэдээ мэдээллүүдийг олон эх сурвалжууд хүргэдэг. “Эрдэнэт” 34 хувийг эзэмшихээр  үйлдвэрт санхүүгийн онцгой дэглэм тогтоосон асуудалтай холбогдуулан “Ачит Ихт” ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Хөдөлшгүй баримт гэвэл П.Цагааны хувьд үйлдвэрлэлээ эхлүүлсний дараа жилээс эхлэн тэрбумтны эгнээнд багтсан байдаг. Тодруулбал, 2014 онд П.Цагааны гэр бүлийн гишүүд 346 сая төгрөгийн орлоготой байсан бол жилийн дараа буюу 2015 онд жилийн орлого нэг тэрбум 240 сая төгрөгт хүрч огцом нэмэгдсэн. Нэг үгээр "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлснээр ийнхүү П.Цагаан гэх эрхэм тэрбумтнуудыг эгнээнд багтсан байгаа юм. Мөн П.Цагааных 2014 онд 540 сая төгрөгийн дөрвөн орон сууцны байртай байсан бол 2015 онд 2 тэрбум 293 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай гэдгээ ХОМ-доо мэдүүлжээ. Ийнхүү 2014 онд байгуулагдсан “Ачит Ихт” ХХК нь жилийн дотор эзнээ тэрбумтнуудын эгнээнд багтааж, үлгэрийн мэт амьдралд хөл тавихад нь тусалсан байгаа юм.  Улмаар 2016 намар П.Цагаан ЕТГД-ын албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Нэгэнт тэрбумтны эгнээнд багтсан түүнд энэ албанд суух сонирхол ч байгаагүй биз. Гэхдээ түүний ганцхан жилийн дотор цөм баяжсан түүх хуулийн дагуу байсан уу, эсвэл гэдэг асуултад хууль хяналтынхан удахгүй хариу өгөх биз ээ.

Эх сурвалж: Оlloo.mn

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>