Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

47

Хил хязгааргүй эрсдэл

Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг дан ганц зэвсэгт хүчин, хилийн зурвасаар хамгаална гэдэг ойлголт орчин үед нэгэнт үгүй болжээ. Найман зуун хятад иргэн улсын маань нийслэлийн аль тохилог буудлуудад тухалж аваад мянгаад компьютер, 10 мянгаад гар утасны сим ашиглан цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь үүний жишээ. Мянган компьютер, 10 мянган гар утасны сим карт гэдэг батальон цэргээс дутахгүй хүчтэй “арми”. Ийм хакерын армийн хүчээр цахим ертөнцөд ямар ч халдлага, довтолгоо, мөнгө угаах гэмт хэрэг, оюун санааны террор хийж болно. Энэ бол хил хязгааргүй эрсдэл гэсэн үг.

Тэр тусмаа цахим орчинд монголчууд бидний хил хязгаар, зэвсэгт хүчин, батлан хамгаалах бодлого маш сул байгаа нь 800 хятадын хэргээс харагдав. Жирийн иргэдэд регистрийн дугаараас эхлээд хувийн хамаг мэдээллийг нь авч байж олгодог гар утасны сим карт жуулчны визээр орж ирсэн зуйгуул хятадуудад 10 мянгаараа олдсон нь манай үүрэн телефон, харилцаа холбоо, технологийн компаниудын аюулгүй байдал, нууцлалд итгэх итгэлийн 100 хувь унагасан. Гар утасны сим карт худалдан авахдаа заавал регистрийн дугаараараа бүртгүүлэх шаардлагагүй. Ингэж хувийн мэдээллээ хувийн компаниудад алдах нь аюултай гэдгийг хүний эрхийн байгууллагууд хэлж байгаа. Учир нь энэ нь тухайн хүний эсрэг ямар ч сөрөг үйлдэл хийсэн бүрэн боломжтой нөхцөлийг бүрдүүлж буй юм.

Монголд ямар нэг өдөөн хатгасан турхирсан үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулалттайгаар явуулъя гэвэл үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдэд байгаа регистрийн дугаарууд  болон интернэт үйлчилгээ эрхэлдэг хэдэн компанид цугларсан сошиал медиагийн датаг хараад л хэдэн насны хүмүүст ямар мэдээлэл цацах вэ гэдгийг амархан тодорхойлчихно. Тэрчлэн аливаа улсын төр, засгийн зүгээс иргэдийн сошиал орчин дахь эрх чөлөөг хумих алхмыг байнга хийдэг. Манайх ч тийм. Сайтын мэдээн дор сэтгэгдэл бичихэд IP хаяг нь ил харагддаг болгосон нь үүний жишээ. 

Хувийн нууцад хэн халддаг вэ?

Даяаршсан ертөнцөд дэлхийн хүн амын тэн хагас нь интернэтийн технологи ашиглаж байна. Энэ нь цахим шуудан, шуурхай зурвас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоох боломж олгодог. Компаниуд мэдээллийг хадгалах, хуваалцах, аюулгүй байдлыг хангах асар их хүчин чадалтай цахим үйлчилгээг үзүүлдэг. Засгийн газрууд тоон системийн харилцаа холбооны орчинд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үүрэг хүлээдэг.

Гэвч ихэнхдээ тэд нийтээр нь мөрдөн тандах ажиллагаа явуулах замаар өөрсдийн хүлээсэн үүргийг зөрчдөг байна. Үүний үр дүнд өнөөдөр дэлхийн томоохон технологийн компаниуд тоон мэдээллийн аюулгүй байдлыг хангах шифрлэлтийн асуудлаар Засгийн газар, хууль сахиулах байгууллагуудтай улс төр, технологийн маргаан хийсээр байгаа ажээ. Технологийн компаниуд хүний эрхийг хүндэтгэх, хэрэглэгчдийнхээ хувийн нууцтай байх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. Эдгээр компанийн хувьд шифрлэлт  нь өөрсдийн хэрэглэгчдийн харилцаа холбооны аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрхийн эрсдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Цахим орчинд хүн бүр аюулгүй байдлаа хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн үндэс нь шифрчлэл юм. Өөрөөр хэлбэл энэ нь цахим мэдээлэл, харилцаа холбоог хамгаалах аргачлал ч гэж болно. Шифрлэлт бол цахим орчинд буй хүмүүсийн эрхийг хамгаалдаг ба хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг гол баталгаа. Мөн цахим орчинд ямар нэг айдасгүйгээр өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хүмүүст олгодог. Түүнчлэн шифрлэлт нь хүний хувийн мэдээллийг хулгайлах, цахим гэмт хэргийг таслан зогсоох, харилцаа холбоог хууль бусаар хянадаг Засгийн газрын үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Энэ нь зөвхөн илгээгч, хүлээн авагч гэх хоёр тал унших боломжтойгоор мэдээллийг хөрвүүлэх математик үйлдэл бөгөөд үүнийг цахим орчинд шуудан илгээх, мөнгө санхүүгийн гүйлгээ хийх, эрүүл мэндийн мэдээллийг хадгалах зэрэг олон тохиолдолд хэрэглэдэг. Мэдээллийг шифрлэх гэдэг нь хөндлөнгийн этгээд мэдээллийг замаас нь барьж авлаа ч ойлгомжтой хэлбэрээр уншиж чадахгүй байхыг хэлнэ.

Ялангуяа шифрлэлт нь Хятадын тэрс үзэлтнүүд, нутгаасаа дайжсан Бахрейны идэвхтнүүд, Европын эрэн сурвалжлах сэтгүүлчид зэрэг олон улсын хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлчдэд маш чухал хэрэгсэл гэж үздэг байна.

Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

Засгийн газарт “арын хаалга” хэрэггүй

Сая сая хүмүүс өдөр тутмын амьдралдаа ашигладаг “Skype”, “WhatsApp”, “WeChat” зэрэг шуурхай зурвасын үйлчилгээ үзүүлэгч компаниудын шифрлэлтийн нууцлал, аюулгүй байдлын баталгаанд олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллагаас үнэлгээ хийсэн байна. Судалгаа, үнэлгээний дүнгээс харахад шуурхай зурвасын үйлчилгээ хэрэглэж буй хүмүүсийн хувийн мэдээлэл цахим гэмт хэрэгтнүүд, хакерууд, төрийн байгууллагуудын хууль бус хяналт, аюул заналхийлэл дор байгаа гэдэгт санал нэгджээ. Технологийн компаниуд өөрсдийн шуурхай зурвасын үйлчилгээнд төгсгөл хоорондын шифрлэлтийг автоматаар ашиглах ёстой гэж “Эмнести интернэшнл” үздэг байна. Учир нь энэ төрлийн шифрлэлт нь шуурхай зурвасын агуулгыг үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч тухайн мэдээлэлд нэвтрэх боломжийг хязгаарладаг. Гэтэл тус байгууллагын гаргасан жагсаалтын хамгийн сүүлийн байранд “Blackberry”, “Snapchat”, “Tencent” зэрэг компаниуд багтсан аж. Учир нь эдгээр компани өөрсдийн шуурхай зурвасын үйлчилгээнд шифрлэлтийг зохих төвшинд хэрэгжүүлдэггүй учраас хэрэглэгчдийнхээ хувийн нууцтай байх мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрсдэлд оруулдаг аж. “Эмнести интернэшнл” байгууллага бодлого, үйл ажиллагааны үзэл баримтлал нь хоорондоо зөрж байгаа таван компани байгааг олж тогтоосон байна. Тухайлбал, “Microsoft” нь хүний эрхийг хүндэтгэх тодорхой үзэл баримтлалтай хэдий ч өөрийн “Skype” үйлчилгээнд төгсгөл хоорондын шифрлэлтийн ямар ч хэлбэрийг хэрэглэдэггүй байна. “Tencent” компаниас бусад нь шуурхай зурвасын үйлчилгээнд ашиглаж буй шифрлэлтэд гаргах Засгийн газрын албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн олон нийтэд мэдэгджээ.

Ийнхүү технологийн компаниуд хувийн нууцлал, аюулгүй байдлыг дэмжихэд өөрсдийн байр суурийг олон нийтэд илэрхийлж, Засгийн газрын дарамт шахалтаас шифрлэлтийн арга хэрэгслээ хамгаалдаг байна. Эдүгээ хүний эрхийн тулгамдсан асуудлыг нааштай шийдвэрлэхэд шифрлэлт юу юунаас илүү чухал зүйл мөн гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэлжээ. Гэвч өнөөдрийн байдлаар цахим шифрлэлтийн арга хэрэгслийг ашиглахтай холбоотой Засгийн газар, технологийн компаниуд, нууцлалыг дэмжигчид хооронд маргаан өрнөсөөр байгаа юм.

Технологийн зарим компани харилцаа холбооны мэдээллийг өөрсдөө  ч унших боломжгүй төгсгөл хоорондын шифрлэлтийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь том ахиц байв. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг тойрсон олон нийтийн сэтгэл зовнидог асуудлыг шийдсэн дэвшил болжээ. Гэтэл үүнээс шалтгаалан хэд хэдэн улс оронд "харанхуйн хязгаарт хүрэх айдас” хэмээх үг хэллэг гарсан аж. Гол эсэргүүцэгчид нь хууль хяналтын байгууллагууд. Тэд шифрлэлт нь харилцаа холбооны агуулгыг унших бидний боломжийг хязгаарлах, өөрөөр хэлбэл гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг мөрдөн шалгахад шаардлагатай мэдээллийг  хууль ёсны байлаа ч олж авах боломжгүй болох болно гэж үзжээ.

Хүний эрхийг хамгаалах үүднээс бол улс орнууд хувийн нууцтай байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. Энэ нь шифрлэлтийг хязгаарлах эсвэл тойрон гарах ямар ч арга хэмжээ нь олон улсын эрх зүйд заасан хатуу шаардлагыг хангасан байх ёстой гэсэн үг юм.

Харамсалтай нь Пакистан, Энэтхэг, Турк, Хятад зэрэг зарим улс орнууд шифрлэлт ашиглахыг хязгаарлах хууль тогтоомжийг хэдий нь баталгаажуулжээ. Төрийн зарим эрх бүхий байгууллагууд технологийн компаниудыг ашиглаж буй шифрлэлтэд “арын хаалга”' гаргаж, мэдээлэлд нэвтрэх тусгай боломжийг хууль сахиулах байгууллагуудад олгохыг технологийн компаниудаас шаарддаг байна. Хэрэв ийм “арын хаалга” гаргах юм бол гэмт хэрэгтнүүд, хакерууд эсхүл бусад Засгийн газрууд уг боломжийг мөн адил ашиглах болно. Шифрлэлтийн хамгаалалтад найддаг хэрэглэгчдийн цахим аюулгүй байдлыг хязгаарлах арга хэмжээнүүд нь мөн чанартаа тэнцвэргүй, олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл юм гэдгийг “Эмнести интернэшнл” онцолжээ.   

Шифрлэлтийг хязгаарлахын эсрэг

АНУ, Их Британий тагнуулын байгууллагууд олон нийтийн сүлжээнд хяналтыг дураараа явуулж, мөн “Facebook”, “Google”, “Microsoft” зэрэг компаниуд хэрэглэгчдийнхээ мэдээллийг дамжуулах нууц захиалгатай хэрхэн тулгарсан тухай 2013 онд Эдвард Сноудены илчилсэн АНУ-ын тагнуулын баримт бичигт өгүүлдэг. “Yahoo” компани өөрийн бүх хэрэглэгчдийн цахим шууданг   шалгах эрхийг АНУ-ын Засгийн газарт өгч байсан нь 2016 оны 10-р сард илчлэгджээ. Түүнчлэн ихэнх орнуудын Засгийн газар хууль ёсны үндэслэлгүйгээр идэвхтнүүд, сэтгүүлчдийн эсрэг төлөвлөгөөт хяналтын аргачлалыг ашиглаж байжээ.

Энэ тохиолдолд технологийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлын хүчирхэг хамгаалалтыг бий болгож хэрэглэгчдийнхээ эрхийн төлөө тэмцэх ёстой. Шифрлэлт ашиглахыг хязгаарлах эсхүл хориглох Засгийн газрын оролдлого нь хууль ёсны байлаа ч компаниуд эсэргүүцэх ёстой. Ийм сайн жишээ ч бий.

2016 оны хоёр, гуравдугаар сард болсон “Аpple” компани болон Холбооны Мөрдөх Товчоо хоорондын үл ойлголцол нь шифрлэлтийг тойрсон маргааныг улам хурцатгах шалтгаан болжээ. 2015 оны арванхоёрдугаар сард Холбооны Мөрдөх Товчооноос Калифорн мужийн Сан Бернардинод болсон халдлагад сэжиглэгдсэн нэг этгээдийн ашиглаж байсан iPhone утасны түгжээг тайлах хүсэлтийг тавьжээ. Засгийн газрын “арын хаалга” гаргах шаардлага нь тодорхой нэгэн iPhone утаснаас гадна бүх iPhone утасны мэдээллийг олж авах боломжийг нээж болох учраас “Аpple” компани Холбооны Мөрдөх Товчооны шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.  “Аpple” компаний ерөнхий захирал Тим Күүк Засгийн газрын тавьсан шаардлагыг "хувийн нууцлалыг зөрчсөн" үйлдэл гэжээ. Бие даасан хараат бус технологийн мэргэжилтнүүд, хууль зүйн профессорууд, технологийн компани, хүний эрхийн байгууллагууд “Аpple” компаний энэ байр суурийг маш ихээр дэмждэг байна.

Мөн “Apple” компани iMessage зурвасын үйлчилгээндээ төгсгөл хоорондын шифрлэлтийг нэвтрүүлэх шийдвэрийг Холбооны Мөрдөх Товчоо эсэргүүцжээ. Өөрөөр хэлбэл тэд иргэд хоорондын зурвасыг унших боломжийг өөрсдөдөө олгох санаархалтай байв. Дэлхийн дахинд 1 тэрбум гаруй хэрэглэгчидтэй хамгийн том шуурхай зурвасын үйлчилгээ үзүүлэгч “Facebook” компани 2016 оны 4-р сард “WhatsApp” программдаа төгсгөл хоорондын шифрлэлтийг ашиглаж эхэлжээ. Ийнхүү “WhatsApp” программд шифрлэлтийг ашиглаж эхэлсэн нь хууль сахиулах байгууллагад мэдээлэл дамжуулах асуудалтай холбоотойгоор Бразил улсын хууль эрх зүйн маргааны сэдэв болжээ. Үүний улмаас Бразил улсын шүүгчид орон нутаг даяар “WhatsApp” программыг түр хугацаанд хориглох шийдвэр гаргаж байжээ. Түүнчлэн “Facebook” компаний удирдах ажилтныг баривчлан 24 цагийн турш цагдан хорьж байсан аж.

Хувийн харилцаа холбоог хянах нь хүний эрхэд хөндлөнгөөс халдаж байгаа ноцтой зөрчил бөгөөд зөвхөн олон улсын эрх зүйн шалгуурыг чанд хангасан нөхцөлд хэрэгжүүлбэл зөвтгөж болохуйц зүйл гэж үздэг. Ингэж хувийн харилцаа холбоог хянахдаа ялгаварлан гадуурхах шинж чанаргүй тэнцвэртэй байж, зөвхөн хууль ёсны зорилгод хүрэх хатуу шаардлагыг тодруулбал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх гэх мэт үндэслэлийг хангасан тохиолдолд л хэрэгжүүлэх боломжтой гэдэгт “Эмнести интернэшнл” зэрэг хүний эрхийн байгууллагууд санал нэгддэг байна.

Ашигласан эх сурвалж: "Эмнести интернэшнл" ОУБ. "Ганцхан чи уншдаг гэж үү" үнэлгээний тайлан.

Эх сурвалж: eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.