Иргэдийн орлогын өсөлт инфляц, ханшийн өөрчлөлтийг гүйцэхгүй байна

751

Иргэдийн орлогын өсөлт инфляц, ханшийн өөрчлөлтийг гүйцэхгүй байна

 

Эдийн засгийн идэвхжил аажмаар саарч, инфляц дефляц руу гулсах аюултай ойрхон байна.

Ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна.

Сар болгон гарч буй нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтээс өнөөд­рийн эдийн засгийн ноён нурууг тодорхойлж болох юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр эдийн засгийн гол үзүүлэлт инфляц аравдугаар сард улсын хэмжээнд 7.6 хувьтай гарлаа. Өмнөх есдүгээр сард төв банкны зорилтот найман хувиас давж, есөн хувь шүргээд байсан инфляц ийнхүү огцом урууджээ. Ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна. Хэдий тийм боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс 2020 онд хэд болохыг хэн ч өнөөдөр хэлж чадахгүй байна. Инфляцыг "үзмэрдэх” амаргүй. Иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн өсөлт инфляцад шууд нөлөөлдөг. Энэ оны хувьд манай улсын өрхүүдийн хоолны чухал орц болох махны үнийн өсөлтөөр инфляц идэвхжсэн. Инфляцыг задалж үзвэл, нийт өсөлтийнх нь 30 гаруй хувь дан ганц махны үнээс хамаарч байв. Үүн дээр нэмээд төрийн зохицуулалттай цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь өрхийн төсөвт дахин зардал нэмсэн билээ. Тэгвэл дээш цойлсон инфляц эргээд гэнэт буурсан нь сайн бодлогын үр дүнд гэхээс илүү эдийн засгийн өсөлт саарч, улмаар иргэдийн худалдан авах чадвар буурсныг илтгэнэ. Энэ оны хоёрдугаар улиралд 7.3 хувиар өссөн байсан дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улиралд 6.3 хувийн өсөлттэй гарснаас үүнийг бас бататган харж болох юм. Мөн төгрөгтэй харьцах ам.долларын албан ханш мягмар гарагийн байдлаар 2705.69 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн нэг сарын хугацаанд валютын ханш төгрөгийн эсрэг чангарах үзэгдэл давамгайл сан. Монголбанкнаас зарла сан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш арав дугаар сард жилийн өм­нөх үеэс 4.4 хувиар суларчээ. Юаньтай харьцах төгрөгийн ханш бас л өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар суларсан байна. Гадаад валюттай харьцах монгол төгрөгийн ханш сулрах хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч, өрхийн амьжиргаа тэр хэрээр доройтох эрсдэл эдийн засагт биеллээ олжээ. Эдийн засаг өсөж, иргэдийн худалдан авах чадвар сайжрах үед инфляц энэхүү чиг хандлагыг дагадаг. Инфляц огцом буурах нь нөгөө талдаа эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого ханшаар дамжин үнэгүйдэж байгааг гэрчилдэг. 

Харин эдийн засаг өсөлт­тэй жилүүдэд гар­сан ахицаа инф­ляцад тавиад туучихгүй байх нь төв банк, Сангийн яамны бодлогоос хамаардаг. Импортоос үлэмж хамаа­ралтай, хэрэглээний эдийн засагтай манай улсад инфляц дураараа дургидаг үзүүлэлт. Үүнийг эрх баригчид нэг оронтой тоонд барихаар зорьж буй. Гэвч төгрөгийн ханш суларч, иргэдийн төлөх татвар, хураамж нэмэгдсээр байвал эдийн засгийн идэвхжил аажмаар саарч, инфляц дефляц руу гулсах аюул дээрх байдлаар ойрхон байна. Энэ үед бараа үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурдаг. Ингэснээр ком­паниудын ашиг орлого багасаж, өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулж алдагдал хүлээдэг. Ийм нөхцөлд хувийн хэвшил зардлаа бууруулах замаар ажилтнаа цомхотгох аргыг илүү чухалчилдаг. Ингэснээр ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авахад хүрдэг. Улсын хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагадөнгөрсөн сард 10,222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна. Манай улс дефляц руу 2016 онд орж байсан удаатай. Энэ бол эдийн засаг агшин, иргэдийн худалдан авах чадвар эрс доройтсон үе. Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын судалгаагаар, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг байна. Энэ нь төв банкны зарласан албан ханшаар тооцож үзвэл, 480.8 ам.доллартай тэнцэх аж. Иргэдийн нэрлэсэн цалин өссөн боловч түүний үнэ цэнэ буурсаар байна. Инфляц, ханшийн нөлөөгөөр төгрөгийн үнэлэмж унасаар. Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаанд оролцогчдын дунд энэ оны турш үнийн түвшин өснө гэсэн хүлээлт давамгайлсан. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инфляц 5.5 хувиас буурахгүй гэж тэд үзжээ. Хэдий үнийн өсөлт тодорхой хувиар оршсоор байх боловч төгрөгийн ханшийн уналт өрхийн хэрэглээг танаж байна. Өмнө нь 30 мянган төгрөгтэй хүнсний дэлгүүр ороод уут дүүрэн бараа, бүтээгдэхүүн авдаг байсан бол өнөөдөр энэ бүхэн түүх болжээ. Эндээс л төгрөгийн үнэ цэнэ, бидний худалдан авах чадвар хэрхэн буурсныг харж болох юм. Монголчуудын нэрлэсэн цалин өнгөрсөн есөн жилийн хугацаанд гурав дахин өссөн ч бодит цалин 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Бодит цалин худалдан авах чадварыг илэрхийлэх бөгөөд өргөн, хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хугацаанд нэрлэсэн цалингийн өсөлт даган нэмэгдсээр. Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд 7.9 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.8 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас тав дахин их байгааг харуулж байна.

Б.Баяртогтох
ЗГМ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>