Иргэдийн орлогын өсөлт инфляц, ханшийн өөрчлөлтийг гүйцэхгүй байна
Эдийн засгийн идэвхжил аажмаар саарч, инфляц дефляц руу гулсах аюултай ойрхон байна.
Харин эдийн засаг өсөлттэй жилүүдэд гарсан ахицаа инфляцад тавиад туучихгүй байх нь төв банк, Сангийн яамны бодлогоос хамаардаг. Импортоос үлэмж хамааралтай, хэрэглээний эдийн засагтай манай улсад инфляц дураараа дургидаг үзүүлэлт. Үүнийг эрх баригчид нэг оронтой тоонд барихаар зорьж буй. Гэвч төгрөгийн ханш суларч, иргэдийн төлөх татвар, хураамж нэмэгдсээр байвал эдийн засгийн идэвхжил аажмаар саарч, инфляц дефляц руу гулсах аюул дээрх байдлаар ойрхон байна. Энэ үед бараа үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурдаг. Ингэснээр компаниудын ашиг орлого багасаж, өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулж алдагдал хүлээдэг. Ийм нөхцөлд хувийн хэвшил зардлаа бууруулах замаар ажилтнаа цомхотгох аргыг илүү чухалчилдаг. Ингэснээр ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авахад хүрдэг. Улсын хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагадөнгөрсөн сард 10,222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна. Манай улс дефляц руу 2016 онд орж байсан удаатай. Энэ бол эдийн засаг агшин, иргэдийн худалдан авах чадвар эрс доройтсон үе. Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын судалгаагаар, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг байна. Энэ нь төв банкны зарласан албан ханшаар тооцож үзвэл, 480.8 ам.доллартай тэнцэх аж. Иргэдийн нэрлэсэн цалин өссөн боловч түүний үнэ цэнэ буурсаар байна. Инфляц, ханшийн нөлөөгөөр төгрөгийн үнэлэмж унасаар. Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаанд оролцогчдын дунд энэ оны турш үнийн түвшин өснө гэсэн хүлээлт давамгайлсан. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инфляц 5.5 хувиас буурахгүй гэж тэд үзжээ. Хэдий үнийн өсөлт тодорхой хувиар оршсоор байх боловч төгрөгийн ханшийн уналт өрхийн хэрэглээг танаж байна. Өмнө нь 30 мянган төгрөгтэй хүнсний дэлгүүр ороод уут дүүрэн бараа, бүтээгдэхүүн авдаг байсан бол өнөөдөр энэ бүхэн түүх болжээ. Эндээс л төгрөгийн үнэ цэнэ, бидний худалдан авах чадвар хэрхэн буурсныг харж болох юм. Монголчуудын нэрлэсэн цалин өнгөрсөн есөн жилийн хугацаанд гурав дахин өссөн ч бодит цалин 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Бодит цалин худалдан авах чадварыг илэрхийлэх бөгөөд өргөн, хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хугацаанд нэрлэсэн цалингийн өсөлт даган нэмэгдсээр. Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд 7.9 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.8 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас тав дахин их байгааг харуулж байна.