Дэлхийн хамгийн урт “байгалийн хий дамжуулах хоолой” ашиглалтад орох ёслол болов
ХТРТ-ийн мэдээ: 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй видеогоор холбогдож, Хятад, Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолой ашиглалтад орсонд харилцан баяр хүргэжээ. Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны бэлэг тэмдгийн шинж чанартай төслийн хувьд зүүн шугамын байгалийн хийн хоолой хоёр талын хамтын ажиллагаа амжилтад хүрсний үлгэр жишээ болсон юм.
"Ажилтан: Хятад улсын дарга, эрхэм хүндэт Ши Жиньпин танаа. Бид байгалийн хийн хоолойг залгахад бэлэн боллоо.
Тушаал өгнө үү"
"Ши Жиньпин: Залгаарай."
2-нд Бээжин хотоос Хятад улсын дарга Ши Жиньпиний өгсөн тушаалын дагуу, Оросын байгалийн хий Хятадын нутагт урсан орж, Хятад, Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолой албан ёсоор ашиглалтад орсон юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй видеогоор холбогдох үеэр, Ши Жиньпин дарга байгалийн хийн хоолой ашиглалтад орж байгаад халуун баяр хүргэж, хоёр орны бүтээн байгуулагчдад байр хүргэжээ. Ши Жиньпин дарга хэлэхдээ: Зүүн шугамын байгалийн хийн хоолой бол Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны бэлэг тэмдгийн чанартай төсөл бөгөөд хоёр талын гүн гүнзгий хамтын ажиллагааны үлгэр жишээ боллоо гэжээ. Тэрээр: "2014 онд, би ерөнхийлөгч Путинтэй хамт хоёр талын төслийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. 5 жилийн турш, хоёр орны бүтээн байгуулалтад оролцсон байгууллага, төслийн бүтээн байгуулагчид хатуужилтай тэмцэж, чанарын өндөр түвшинд бүтээн байгуулах үүргээ биелүүлж, дэлхийн дахинд ур чадвараа нотлон, Хятад, Оросын хамтын ажиллагааны үр дүнг харууллаа. Байгалийн хийн хоолойг ашиглалтад оруулах нь чухал амжилт бөгөөд шинэ хамтын ажиллагааны гараа болж байна. Хоёр тал аюулгүй хоолой, ногоон хоолой, хөгжлийн хоолой, найрамдлын хоолой байгуулж, хоолойн бүтээн байгуулалт, аюулгүйн байдлыг баталгаажуулан, хоолойн эргэн тойрны бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг ахиулах хэрэгтэй" гэжээ. Тэрээр: Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Би ерөнхийлөгч Путинтэй хамт Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэхийг зарлаж, Хятад, Оросын харилцааг тус тусын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгож, хоёр орны стратегийн хамтын ажиллагаа, олон салбарын хамтын ажиллагааг эрс гүнзгийрүүлэх болно. Зүүн шугамын байгалийн хийн хоолой хоёр орны хөгжилд тус нэмэр болохыг хүсэж байна гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ: "Хятад, Орос хоёр орон үндэсний хөгжлийн чухал цаг үед орж, Хятад, Оросын харилцаа шинэ эринд орлоо. Хоёр тал үргэлжлэн хүчин чармайлт гаргаж, зүүн шугамын байгалийн хийн хоолой шиг ийм том төслийг улам олноор бий болгож, хоёр орны хөгжилд тус нэмэр болж, хоёр орон, хоёр орны ард түмэнд улам их үр өгөөж хүртээх хэрэгтэй" гэжээ.
Сочигоос видеогоор холбогдсон ерөнхийлөгч Путин: Орос, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр, Орос, Хятадын Зүүн шугамын байгалийн хийн хоолой ашиглалтад орж байгаа нь маш чухал түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр орны стратегийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах болно гэжээ. Тэрээр: "2014 онд Ши Жиньпин дарга бид хоёр тус төслийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаас хойш, хоёр талын хамт олон хүнд бэрх нөхцөлд ажиллаж, төлөвлөсөн хугацаандаа бүтээн байгуулалтын үүргээ биелүүллээ. Ирэх 30 жилд Оросын тал Хятад улсад 1 их наяд шоо метр байгалийн хий нийлүүлнэ. Энэ нь Ши Жиньпин дарга бид хоёрын тохиролцсон 2024 он гэхэд Орос, Хятад хоёр талын худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд тус болно" гэжээ.
Хятадын талтай хамтдаа чармайж, бэлэг тэмдгийн стратегийн хамтын ажиллагааны энэ төслийг урагштай хэрэгжүүлэхэд Оросын тал бэлэн байна гэж Путин онцолсон юм.
Хятад, Оросын Зүүн шугамын байгалийн хийн хоолой бол дэлхийн хамгийн урт “байгалийн хий дамжуулах хоолой” юм. Нийт 8000 км урт, Оросын Сибириэс Хятадын Хөх мөрний гурвалжин хойгийн бүс нутагт хүрнэ. Үүнд Хятадын нутагт 5111 км, хойноос Хармөрөн мужийн Хэйхэ хот, Хармөрөн муж, Гирин, Өвөр Монгол, Ляонин, Хэбэй, Тянжин, Шаньдүн, Жянсу, Шанхай зэрэг 9 муж хотоор дамждаг Хятадын зүүн хойд бүс нутгийн газар дээрх хил дамнасан стратегийн байгалийн хий дамжуулах анхны хоолой юм.
ХТРТ
Орчуулсан: Сайн-Өлзий