Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин Ж.Энхбаяр
-Сонгууль дөхөж улстөрчид өөрсдийгөө хэвлэлээр магтуулж эхэллээ. Үүний нэг нь алдарт ЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаяр-
УИХ-ын 2020 оны сонгуулийн хуулийг 50:26 буюу 26-г намын жагсаалтад багтааж, 50 хүнийг нь жижиг тойрогт нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж байна. Батлагдах нь баараггүй болсон энэ хувилбарын намын жагсаалтад багтах гэсэн тэмүүлэлтэй хүн МАН-д, одоогийн парламентад олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Гэхдээ тэр жагсаалт байтугай нэр дэвших ч эрхгүй гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө батлан хэлсэн.
Тодруулбал, ЖДҮ-чин гишүүдийн дуулиан дэгдмэгц Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх “ЖДҮ-гийн зээлээ буцааж төлөхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдлийг хийсэн. Гэхдээ зарим гишүүн ирэх сонгуульд нэр дэвших эрх авахын тулд ЖДҮ-гаас “хулгайлсан” зээлээ хагас дутуу төлж, тэр тухайгаа “баатарлаг үйлс” байгуулсан мэт тунхаглаж байв.
Гэвч ингэснээрээ тэд ердөө л хугацаа хожиж байж. Учир нь, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч хавар Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮ-г хөгжүүлэх сангуудыг нэгтгэн өөрчлөх шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Үндсэндээ ЖДҮХС-г татан буулгаж, өөр бусадтай нь нэгтгэх тухай асуудал л даа. Үүний дараа ЖДҮ-гийн хэрэгт холбогдоод байсан 49 гишүүний зарим нь өмнө нь мэдүүлж байсан, хамаарал бүхий ББСБ-уудаасаа “татгалзжээ”. Татгалзах ч гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичилгүй бас хэн нэгэндээ шилжүүлсэн бололтой.
Тэдгээр гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Түүнд “Газар капитал”, “Газар партнерс” ББСБ-ууд байдаг ба ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ж.Энхбаяр зээл авч ББСБ-уудаараа сарын 2.5-3 хувь буюу жилийн 30-36 хувийн хүүтэй бизнесийн зээл олгодог талаарх мэдээлэл хөвөрсөөр удсан. Гэвч түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас хаасан гэж мэдээлсэн. Үүнийг хүлээж байсан мэт мань хүн дараагийн сонгуульд өрсөлдөнө гэсэн итгэл, үнэмшилтэйгээр сурталчилгаагаа эхлүүлсэн бололтой. Үүнийх нь илэрхийлэл саяхан мэдээллийн нэгэн сайтад гарсан “Чулуу шиг эр” гэх нийтлэл. Ж.Энхбаярыг чулуутай зүйрлэсэн тэрхүү нийтлэлд “Чулуу хүйтэн, хатуу байдаггүй. Чулуу хувьсан өөрчлөгддөггүй. Хагарсан ч өөрийнхөөрөө хагарч, халсан ч хэлбэр дүрсээрээ улайсан байдаг”. Тэгвэл өнөөгийн улстөрд урваж шарваагүй дүрэлзсэн галд өөрийнхөөрөө улайсаж, мэлтэлзсэн үерт өртсөн ч мөн чанараараа үлдэж чаддаг хүн бол Ж.Энхбаяр” гэжээ.
Үнэхээр тэр хувирч хагарахгүй, урваж, шарваагүй зан нь олны өмнө түмнээ гэсэн сэтгэлтэй мэт жүжиглэж, хөшигний ард хөөрхий энгийн иргэдээс хулгай хийж суудаг зангаасаа хэзээ ч хувирахгүй гэдгээр л илэрхийлэгдэх биз. Сүүлийн гурван ч удаагийн парламентад дарааллан сууж, сонгогчдын итгэлийг олмогцоо, ар хударгаар нь итгэл хийгээд эрхийг нь хулгайлж яваа хүн.
Ж.Энхбаяр гишүүний хувьд өөрийгөө хулгай хийгээгүй ердөө зээл л авсан, яллаад байх ямар шаардлага байна вэ гэж тайлбарладаг. Гэвч Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ЖДҮ-гийн хэрэг ид шалгагдаж эхлэх үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “ЖДҮ авахаар өгсөн 1041 материалыг шаардлага хангахгүй гэж анхан шатнаас хассан байна. Зээлийг 134 ААН-д өгсөн. Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан.
Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм. Дээрээс нь зээл авсан 134 хүн нь анхан шатнаас хасагдахаар материалд зээл авсан учраас энэ бол албан тушаал урвуулан ашиглах гэмт хэрэг мөн! Яах аргагүй гэмт хэрэг.” гэдгийг батлан хэлсэн. Үнэхээр ч мөнгө, хөрөнгө зээлж хулгай хийгээгүй ч мэдээлэлд ойр байдлаа ашиглан, ЖДҮХС-гаас зээл авсан нь иргэдийн итгэлийг хулгайлсан үйлдэл биш гэжүү.
ЖДҮ-тэй холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэх сургаар нэрээ цэвэрлэхийн тулд зээлээ төлсөн гэж чанга дуугарч сонгогчдыг дахин хуурах гэсэн арга мөн л байлтай. Энэ л өнөөгийн улстөрчдийн эмгэнэлт гэмээр дүр зураг.
Сонгууль дөхмөгц, сонгогчдодоо таалагдахын тулд өөрийгөө магтуулж, өрөөлд төлбөр төлдөг. Харамсалтай нь өнөөгийн сонгогчид ЖДҮ-чин гишүүдийг нэр дэвшсэн ч саналаа өгөхгүй гэдэг хатуу байр суурьтай болсон гэдгийг эрхэм гишүүн Ж.Энхбаяр та мэдсэн нь дээр. Төрд зүтгээрэй хэмээн иргэд таныг парламентад илгээснээс бус боломжийг маань түрүүлж хараад, бидний татварыг бизнесийн салбартаа аваарай гэж сонгоогүй шүү дээ. Албан тушаал, эрх мэдлээ улстөрийн карьертайгаа хутгасан энэ мэт ЖДҮ-чин гишүүддээ нэр дэвших эрх өгч, ганц ч болов тойрог, суудал алдахыг хүсээгүй л бол Ерөнхий сайд ч хэлсэндээ хүрч “хулгайч” гишүүдээсээ салах байлгүй ирэх сонгуулиар.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn