Дэд бүтцийн шугам, нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн даланд хог хаявал хүнийг 50,000 төгрөгөөр торгох заалтыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшх хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 31 дэх заалтын 2 дахь хэсгийн “эсхүл тээвэрлэгч” гэснийг, 2.4 дахь заалтын “зорчигч нь” гэснийг, 2.5 дахь заалтын “зорчигчид” гэснийг, мөн заалтын “төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний” гэснийг тус тус хасаж, 3 дахь хэсгийн “авалгүйгээр” гэснийг “аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр” гэж өөрчилж, 5.7, 5.8 дахь заалтыг “5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн”-ийг дэмжлээ.
Үргэлжлүүлэн аюултай хог хаягдалтай холбоотой зөрчил, хүүхдийн эрхийн зөрчил, Нийгмийн даатгалын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтуудтай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төсөлтэй холбоотой найруулгын шинжтэй гурван санал, Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс