БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа шинэ төрлийн "Коронавирус"-ээр үүсгэгдсэн болохыг ДЭМБ зарлалаа
БНХАУ-д бүртгэгдээд буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлалаа.
Иймд эрүүл мэндийн байгууллагуудад шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгсөн байна.
Үүнд:
- Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
- Лабораторийн биоаюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
- Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
- Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын лавлагаа лабораторит хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;
- Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
- Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.
Эх сурвалж: ЭМЯ