“60 тэрбум”-ын хэрэгт буруутгагдсан Ц.Сандуй өчигдөр суллагджээ
Өнгөрөгч оны аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 4 жилийн хорих ял оноосон билээ.
Харин Ц.Сандуй А.Ганбаатар нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.
Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм.
Мөн Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэж байсан билээ. Тэгвэл өчигдөр /2020.02.25/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуйд цаашид цагдан хорих арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд түүнийг сулласан байна. Харин одоогоор энэхүү тухай Шүүхийн албан ёсны хэвлэлийн мэдээ хараахан гараагүй байна.