Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг батлан даалтад гаргажээ
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял авсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол Хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нар батлан даалтад гарчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэлээ.