ОЮУ ТОЛГОЙ-гоос ч том ОЮУ ТОЛГОЙ...
Засагт хааны хөх харчуудын оюун билгийн их төлөөлөл Лодонгийн Түдэв абугай тэнгэрт мориллоо гэсэн уйтгарт мэдээ салхи дамжин түглээ. Агуу их Мишигийн Цэдэндорж нэгэнтээ “үхсэн хүнд алдар хэрэгтэй” хэмээсэн. Одоо түүнд хүндэтгэх сэтгэлийн зул гэрэлтүүлэх л үлдлээ. Төр засаг учраа олохгүй “Оюу толгой”, “Таван толгой” гээд шуугиж байхад түүнээс хэдэн хувь том “Оюу толгой” эрдэнэсээ аваад тэнгэрийг зорьлоо. Арав гаруй жилийн өмнө санагдана алдарт хөгжмийн зохиолч Чойгивийн Сангидорж нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа: “Төр надаас юмаа авахгүй бол би толгойгоо аваад үхлээ” гэж агсарсан байж билээ. Түүн лугаа энэ алдарт хүмүүн чимээгүйхэн эрдэмт хүний ухаанаа хураан хураасаар эрдэнийн тархиа тэврээд яваад өглөө. Тэр бол харахад ганц хүн шиг боловч ханилахад олон арван хүн шиг тийм л агуу байлаа. МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга байхдаа уулзалтын урт хүрэн ширээ нь мөнхийн ачаатай байдаг байсныг зэрвэсхэн нэг харж билээ. Эргэн тойрон сандалтай угтвар ширээ нь арав гаруй хүн бичиг номоо дэлгээд сууж байгаа юм шиг бэлэн зэхээний байдаг. Түдэв гуай түүнийгээ тойроод л тэр олон хүний ажлыг бичиж туурвиж суудаг байсан тухай тэр үед хамт удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүс бахархан дурсаж байхыг нэг бус удаа сонсож байсан хүн бол би вээр юм. Би энэ агуу хүнтэй уулзаж явлаа, ярьж хөөрч суулаа гэж худлаа ярихгүй. Тэр хүнийг би зайнаас хүндэлж, ном бүтээлээс нь суралцаж л явсан нь үнэн. Хамт зураг сүүдрээ татуулж ч байсангүй. Тэглээ гээд ийм их хүнийг дурсахгүй байхын учиргүй. Зохиолчдын нэг тэгш ой болж, Төрийн ордонд энэ арга хэмжээ болоход миний багш Базарын Цэдэндамба баавай намайг төрийн ордоны зааланд энэ хүнтэй хөтөлж аваачин, за Түдэв ээ, Энэ миний ажлыг авсан танай Алтайн хүү дээ. Лханаагийн Мөнхтөр” гэж танилцуулсан юм. Тэгэхэд зөөлөн гар бариад олон үг ч хэлээгүй. “Одоо чи ийм хоолой л олж авах хэрэгтэй”-дээ гэсэн. Түдэв гуайгаас миний халуун амьсгаагаар нь сонссон үг ердөө л энэ дээ. Багш маань надад ярьсан нэг дурсамжиндаа “Намайг анхны номоо гаргахад Сэнгээ багш Түдэвийг дуудаж, “за чи, Цэдэндамбатай хамт яв. Тэр үйлдвэр дээр нь очиж шинэ номыг нь танилцуулан уулзалтыг хөтөлж ир” хэмээснээр тэр хоёр багшийн нэг сар ажилласан үйлдвэр дээр очиж гал цогтой үгээ хэлж, шүлгээ уншиж мандаж явсан байгаа юм даа. Ийм нэг агуу хүн говийн баян хээлэнд халуу дүүгэж байгаа, улс эх орныг минь тэжээж байгаа олон толгойгоос хавьгүй том “ОЮУ ТОЛГОЙ”-гоо аваад тэнгэрт зарагдахаар мордлоо. Ирэх буцахын цаг хугацаа нэгэнтэйгээ давхцахгүй болохоор нэгэн бие дүрд хувилан цааш үргэлжиллээ. Засагт ханы хөх уулс чинь, засагт ханаар овоглосон нутаг нэгтнүүд чинь, хүйг тань дарсан “Гүү бариач”-ийн буурь чинь хүүгээ үдээд манант хаврын өдөр зэрэглээтлээ. Нулимс алдуурлаа.
2020.04.13
Л.МӨНХТӨР