Салхинд үгээ хэлье

88

 

Дээр цагт хоёр жинчин алс хол газар явж, аян жин тээгээд олз омог ч дөнгүүр, олон ч бэрхийг давж, нутгийн бараа харахын даваан дээр бүлэг дээрэмчинтэй тулгарч, хамаг алт эрдэнэс, эд бараагаа булаагдаад байтал дээрэмчний толгойлогч энэ хоёрыг нэг мөсөн үгүй хийхгүй бол бидэнд гай тотгор болно гэцгээж гэнэ. Тэхлээр хоёр жинчний нэг нь “за яахав, та нар биднийг албал ал, гэхдээ үхэх хүний үгийг ав гэдэг биз дээ” хэмээсэнд дээрэмчний толгойлогч “чи тэгээд тэр үгээ хэнд хэлэх гээд байгаа юм” гэсэнд жинчин “аа, би салхинд л үгээ хэлнэ” гэж. Өнөө дээрэмчид “ийм тэнэг хүн гэж бас байдаг аа” гэлцээд, “тэг тэг, энэ тэнэг тэр үгээ салхиндаа хэлэг” гээд дураар нь орхив. Гэтэл өнөө жинчин салхины өөдөөс харж зогсоод “за салхи чамд хэдэн үг дайгаад орхиё, бид хоёрыг ийм ийм нэр цолтой, тийм тийм зүс царайтай, хувцас хунартай дээрэмчид ийм нэртэй газар, ийм ийм содон тэмдэгтэй эд эрдэнэсийг маань дээрэмдэж аваад амийг маань бусниуллаа” гээд яг л хэн нэгэнд өчиж буй юм шиг тоочиход нь бүгдээрээ шоолон инээлдэж байгаад, “за чи тэр салхиндаа үгээ хэлэв үү” гэсэн, “би салхинд үгээ хэлчихлээ, одоо боллоо” гэж. Тэгээд дээрэмчид “энэ угаасаа үхэж байхдаа таарсан тэнэг юм байна” гэлцээд тэр дор нь цааш харуулчихаад ачаа барааг нь дээрэмдэж аваад, их олз омогтой орон гэртээ харьцгааж, эхнэр хүүхэддээ сонин болгон тэнэгийг нь гайхалцан инээдэм ханиадам болцгоож гэнэ. Тэр тэсгэлгүй аманцар эхнэрүүд бараг ярьсан хэлсэн чигээр нь айл саахалтын авгайчуулдаа “хүнд битгий хэлээрэй” гэж байгаад амны зугаа болгон ярьсаар явтал өнөө үг нь төрийн тамганд болон хоёр жинчний ар гэр, амраг саданд хүрч, бүлгээрээ баригдаад, өнөө содон тэмдэгтэй, эд эрдэнэсээр нь хөөн таньж цаазын ялд аваачсан гэдэг билээ. Тэгэхлээр энэ хууч ярианд салхийг амьдчилж хүншүүлсэн утга, хүний хийсэн муу хэрэг хээрийн салхинаас олны салхиар дамжин явсаар цаг нь болохоор заавал илэрдэг гэсэн утга агуулжээ. “Салхи үгүй бол өвс хаанаас ганхах вэ, санаа сэдээгүй бол хэрэг хаанаас үүсэх вэ” гэсэн мэргэн үгийн учир энэ.
Naminchimed Baasan

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.