Сайн мэдээ: Оксфордын эрдэмтэд намар гэхэд ‘COVID-19’-ийн эсрэг вакциныг гаргаж авна

610

Их Британийн Оксфордын их сургуулийн вакцин судлалын профессор Сара Гилберт "COVID-19”-ийн эсрэг вакциныг ирэх намар гэхэд гарган авах боломжтой талаар мэдээллээ. Түүний ахалсан эрдэмтдийн баг "COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаа юм. Профессор Сара Гилберт энэ талаар "The Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ "Хэд хэдэн туршилт хийсний үндсэн дээр бидний боловсруулж буй вакцин үр дүнтэй ажиллах магадлал тун өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ бол зүгээр л нэг таамаг төдий зүйл биш бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам бид вакцины талаар илүү их мэдээлэлтэй болж байна. Би хувьдаа манай вакцин COVID-19-ийн эсрэг үр дүнтэй ажиллана гэдэгт одоогоор 80 хувь итгэлтэй байгаа. Хэрэв цаашид бүх туршилтууд төгс амжилттай хийгдсэн тохиолдолд вакцин ирэх намар гэхэд бэлэн болох боломжтой. Гэхдээ одоогоор үүнийг хэн ч батлан хэлж чадахгүй” гэжээ.

Мөн тэрээр нэмж хэлэхдээ Оксфордын эрдэмтдийн баг өөрсдийн боловсруулсан "COVID-19”-ийн эсрэг вакцины туршилтыг ирэх хоёр долоо хоногийн хугацаанд багтаан хүнд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх өдрийг ойртуулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа талаар дурдсан юм.

Хэдий Оксфордын их сургуулийн судлаачид өөдрөг үзэлтэй байгаа ч бусад мэргэжилтнүүд вакциныг боловсруулж, олон тоогоор үйлдвэрлэн, эмнэлзүйд нэвтрүүлэх хүртэл дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэсэн ч өнгөрөгч долоо хоногт Их Британийн Саутхамтоны их сургуулийн эрдэмтэд "COVID-19” вирус нь тун бага хамгаалалттай болохыг тогтоосон гайхалтай нээлтийг хийсэн явдал нь вакцин боловсруулахаар ажиллаж буй мэргэжилтнүүдэд маш их урам зориг өгсөн юм.   

Судалгааны тайланд хүний дархлааны систем шинэ коронавирусийн эсрэг антибоди үүсгэхэд вирусийн зүгээс цөөн тооны, хязгаарлагдмал эсэргүүцэл үзүүлж байгаа нь ажиглагдсан талаар дурдсан. Саутхамтоны их сургуулийн судлаачид "COVID-19” хүний биед халдварласан тохиолдолд хэрхэн өөрөө задардаг болохыг тогтоохын тулд лабораторид эсийг халдварлуулах замаар вирусийн загвар бүтээсэн байна. Ингээд судаачид вирусийн гадаргуу дээр хүний эсэд нэвтрэх боломжийг олгодог хэд хэдэн өдөөгчийг илрүүлсэн аж.

Судалгааг удирдсан профессор Макс Криспин "Титэм вирусийн гадаргуу дээрх өргөснүүд нь гликан гэгдэх саахрын агууламжаас бүрдсэн байдаг. Энэ нь вирусийн уургийг нуух замаар хүний дархлааны системд илрэхгүй байх чадварыг түүнд олгодог. Өөрөөр хэлбэл COVID-19 нь хонины арьс нөмөрсөн чоно мэт өөрийгөө хүний дархлааны системээс нуудаг. Гэхдээ бидний хийсэн судалгааны хамгийн гол үр дүн бол коронавирус өөрийгөө өнгөлөн далдлах хэдий хэмжээний сахарын агууламжтай байгаагаас үл хамааран бусад вирус шиг тийм ч өндөр хамгаалалтгүй болохыг олж тогтоосон явдал юм. 

Тухайлбал, ХДХВ нь хүний дархлааны системээс үр дүнтэй нуугдаж чадахуйц хэмжээний гликан бүрхүүлтэй байдаг. Харин коронавирусийн хувьд энэхүү бүрхүүл нь тийм ч үр дүнгүй бөгөөд зөвхөн хурдан хугацаанд халдварлуулах буюу цохиод зугтаахад зориулагдсан бүтэцтэй вирус болохыг илрүүлсэн. Энэ бол хүний дархлааны систем коронавирусийн эсрэг антибоди ялгаруулахын тулд цөөн тооны саадтай учирна гэсэн үг юм. Уг судалгаа вакцин боловсруулагчдад маш их урам зориг өгнө гэж найдаж байна” гэсэн юм.

О.Мөнхбат

Эх сурвалж: Sky News

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>