Хамгийн өндөр үнэ хүрэх зүүн гурван аймагт ч ноолуур 100 мянга хүрэхгүй байна Ч.Улаан сайд аа

88

Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 2020 онд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр тооцон таван мянган тонн ноолуур худалдан авахаар төлөвлөөд буй. Ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ. Харин малчид ойролцоогоор 10 тн ноолуур нийлүүлэхээр байна.

Салбарын сайд Ч.Улаан “Малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилт тавьж байна. Малчид ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Ноолуураа самнаж, анхан шатны тордолт хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн.

Малчдын хувьд нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэсэн сайдын үгийн сонсоод магнай хагартлаа баярласан байх. Гэтэл нидэр дээрээ тийм биш байгаа бололтой. Ноолуурын үнэ ямар байгаа талаар ХХААХҮЯ-аас тодруулахад “Дарга нар хуралдаж байна” гэсэн тайлбар өгөөд мэдээлэл өгсөнгүй. Харин Хөдөө аж ахуйн биржээс тодруулахад “Дарга нар хөдөө томилолттой яваа тул мэдээлэл өгөхгүй” гэдэг хариулт өглөө. Тиймээс бид орон нутагт ноолуурын үнэ ямар байгааг 21 аймгийн иргэдтэй утсаар холбогдож лавласан юм.

Иргэдийн хэлж буйгаар ноолуур хамгийн өндөр үнээр авч байгаа нь Сүхбаатар аймаг бөгөөд килограмм нь 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хамгийн доод үнэ болох 25-30 мянган төгрөгийн үнийг Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгууд тогтоожээ. Жилийн жилд зүүн гурван аймагт ноолуур хамгийн өндөр үнэ хүрдэг. Үүнийг Ч.Улаан сайд ч чуулганы индерээс мэдэгдсэн. Тэгвэл Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэх гурван аймагт ч ноолуурын үнэ100 мянга хүрээгүй байгаа аж. Тодруулбал, нэг килограмм ноолуурын үнэ Сүхбаатар аймагт 70 мянга, Дорнодод 60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ноолуур үнэ хүрэхгүй байгаад хэд хэдэн шалтгаан бий.

БНХАУ-д ноолуурын үнэ буурсан

Манай улсын нийт түүхий ноолуурын 70 шахам хувь нь БНХАУ руу экспортод гардаг. Гэтэл энэ жил цар тахал дэгдсэнээс Хятадын эдийн засаг уналтад орж, ноолуурын үнэ ч унаж буй. ССЕ буюу Хятадын ноолуурын худалдааны бирж дээр түүхий ноолуурын үнэ чанараасаа хамааран 300-430 юанийн үнэтэй байна. Өнгөрсөн жил 650-750 юань байжээ. Зөвхөн БНХАУ гэлтгүй ноолуурын салбарын гол худалдан авагч Итали, Франц, Япон улсуудад ч мөн ханш унаж байгаа.

ААН-үүд сайдын хэлсэн ханшаар авах сонирхолгүй байна

Энэ жил 10 тн ноолуур бэлтгэх талаар урьд дурдсан. БНХАУ-д эдийн засаг хэвэндээ орж жил бүрийн уламжлалаараа нийт ноолуурын 70 хувийг БНХАУ руу нийлүүллээ гэхэд дотоодын ААН-үүд гурван мянган тонн орчмыг авах нь. Ноолуур бэлтгэх ААН-үүдэд гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг МУ-ын Хөгжлийн банкнаас олгохоор шийдсэн. Гэхдээ тэд ноолуураа сайдын хэлсэн ханшаар авах сонирхолгүй байна. Яагаад гэвэл дэлхийд ноолуурын зах зээл “зогсчихоод” байна. Ноолууран бүтээгдэхүүн хүний зайлшгүй хэрэглээ биш мөртлөө үнэтэй, тансаг зүйл. Одоогийн нөхцөлд тансаг хэрэглээнээс илүү өвчнөөс хамгаалах нь дэлхийн улсуудад чухал болоод байна. Манай улсын ноолуурын салбарын том хоёр компани болох Говь, Гоёл саяхан ажилтнуудаа цомхотголоо. Энэ бол ноолуурын салбар “хэцүүхэн” байгаагийн шинж.

Ийм хүнд, хэцүү үед Засгийн газраас тооцоогүй, зохиомол үнийг тогтоох нь малчид, ААН-үүдийн хооронд үл ойлголцол гаргахаас өөр зүйл авчирсангүй. Малчид ноолуураа тушаах гэж очоод 100 мянга биш 50 мянга байгаад цочирдож байна. Сайд нь 100 мянгаар авна, хадгалж бай гээд хэлчихсэн болохоор итгээд хадгалж ч байж мэднэ. Гэтэл энэ нь бас л эрсдэл дагуулна. Хэсэг хугацааны дараа ноолуурын үнэ нэмэгдэнэ гэсэн баталгаа байхгүй учраас одоогийн зах зээлийн ханшаас ч доогуур өгөх эрсдэл бий. Ноолуурыг удаан хадгалахад чанар нь мууддаг. Ингээд эдийн засгийн алдагдал тэднийг хүлээж байна.

“Ичсэн хүн, хүн ална” гэдэг шиг ноолуурын ханшийг 100 мянга хүргэж чадаагүйдээ бантсан уу, яасан нэг шийдвэр гарлаа. Ноолуурыг байгаа зах зээлийн үнээр авч, нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно гэв. Ямаа ч эзэндээ ээлтэй амьтан юм. Сүүлийн үед төрөөс гаргаж буй “аргацаасан” шийдвэрүүдийн нэг нь энэ байлаа.

Н.Саруулдөл

Эх сурвалж: Itoim.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.