МАН-ын мөрийн хөтөлбөр:Хүүхдийн орчин бий болгож,хүчирхийлэгчээс хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ
Монгол Улсын гурван сая гаруй хүн амын нэг сая гаруй нь 0-14 насны хүүхэд бөгөөд 2018 онд улсын хэмжээнд 78 мянга 993 хүүхэд мэндэлсэн бол өнгөрсөн онд 80 мянга 251 хүүхэд төржээ. Монголын үрс олон болохын хэрээр ялангуяа нийслэл Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй, аюулгүй хотыг цогцлоох зайлшгүй шаардлага бий болж байна. Тоглохоор гэрээсээ гарсан дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг саяхан гарсан нь хүүхдэд аюултай орчинд бид амьдарч буйн баталгаа. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхах, хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зүй бус хэргийг томчууд ихэвчлэн хөшигний цаана, цоожтой хаалганы ард үйлддэг. Энэ бүхэн манай улсад хүүхэд хамгааллын асуудал учир дутагдалтай, төрийн бодлого дэмжлэг үгүйлэгдэж байгааг харуулж байна.