ТББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

503

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.

 

Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байгаа гэв. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв.Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих;иргэдийн эрүүл мэндийг хамгаалах корона вирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн эгнээнд шийдвэрлэх;экспортын гарцыг нэмэгдүүлэх;иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталсан байна.Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийнзэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Я.Содбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.


Төслийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд буюу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, СЕХ, ТАЗ, УИХ-ын Тамгын газрын төсвийн хүрээнд хэлэлцэх ёстойг Л.Энх-Амгалан дарга танилцуулсан.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, Шадар сайдаас хариулт авав. Ингээд тус Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>