Номын баярыг орон даяар 10 гаруй хоног тэмдэглэнэ

405

Номын баярыг орон даяар 10 гаруй хоног тэмдэглэнэ

 

Номонд дуртай оюунлаг монгол түмний маань хүсэн хүлээдэг Номын баяр энэ жил 9 сарын 18-наас 10 сарын 4 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болон зохиогдож байгаа номын баяр маань энэ жил ихээхэн онцлогтой болох нь.

Юуны өмнө Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ. Баярын үндсэн үйл ажиллагаа нь УИХ-ын даргын ивээл дор 9 сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор болно.

Энэхүү арга хэмжээнд жил бүр 30 000 – 40 000 уншигчид, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцож иржээ. “Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж магадгүй” хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Талбай дүүрэн 200 орчим асар босгох ч хүрэлцэхгүй байгаа аж.

Номын баярын хоёр дахь хэсэг нь Соёлын сайдын ивээл дор 9 сарын 19-ний өдрөөс 10 сарын 4 хүртэл “Хязгаар үгүй – НОМ – сэтгэлгээний эрх чөлөө” уриатайгаар нийслэлийн дүүргүүд, орон нутагт зохиогдох юм.

Номын баярын нээлт 19-ны 11 цагаас Бямба гарагт Төв талбайд болон нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд нэгэн зэрэг болно.

Эдгээр өдрүүдэд

– “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага,

– номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу,

– орон даяар номын сангуудын уншигчдыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах,

– “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл – ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан,

– “Танай дүүрэгт – Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо,

– Уншигч-зохиолчдын уулзалт,

– сургалт лекц,

– уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр,

– уран уншлага,

– номын баатруудын театрчилсан тоглолт,

– харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ,

– ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно.

Баярын үеэр халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас сэргийлэх шийдвэр, журам, зөвлөмжийг чанд баримтлан ажиллана.

Номын баярын санаачлагч: “Номын соёлт ертөнц” ТББ, \

Ерөнхий зохион байгуулагч: Соёлын яам, ЗГХА, Соёл Урлагийн Газар, нийслэл, аймгийн Засаг дарга нар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Үндэсний болон хотын төв номын сан, “Номын ертөнц” клуб, МЗЭ, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн газрууд.

Мэдээлийн түнш: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний цахим сан И-Сан, Монгол костюмс төв.

Номын баяр нь олон зуун мянган хүнд танин мэдэхүйн баяр баясгаланг бэлэглэсэн, хүүхэд багачуудад эерэг нөлөөтэй, ард түмний хүсэн хүлээдэг, жилээс жилд өргөжин тэлж, үнэ цэнэтэй болсоор буй онцгой сайхан баяр юм.

Энэ сайхан баяртаа өргөнөөр оролцохыг, үнэ цэн, өгөөж буяныг нь сурталчилж, түгээн дэлгэрүүлэхийг нийт ард иргэд, эцэг эх, багш нар, бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

НОМЫН ЕРТӨНЦ ТББ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>