“Буянт-Ухаа II”-ын луйвар
Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, тэднийг түрээсийн орон сууцанд хамруулах тухай сонгууль болгоноор улс төрийн намууд амладаг. Хэрэгжүүлэх гарц шийдлийг ч үе үеийн Засгийн газар эрэлхийлж хамгийн эхний шийдвэрүүдийг 2013 онд гаргасан байдаг. Гол агуулгыг нь зорилтот бүлгийн иргэдэд зориулагдсан тусгай хөтөлбөр гаргаж, боломжит хэлбэрээр, хямд өртгөөр орон сууцжуулах төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ хэмээн тодотгож байв. Энэ дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон иргэд, өндөр настнуудыг хамруулна хэмээн тодорхой заасан. Ажил хэрэг болгосон нь Буянт-Ухаа I, II хороолол, "Хангай хотхон”-нд иргэдийг түрээсийн зарчмаар оруулсан явдал байв. Харамсалтай нь Монголын төр зорилтот бүлгийн иргэдээ дорд үзэж, тохуурхсан эмгэнэлт явдал болсныг нь олон нийт тэр болгон мэдэхгүй байна.
Тухайлбал, түрээсийн байранд орох гэж байгаа хүн 07 га газраа аваагүй байх жишээтэй. Өмнө нь өмчлөлийн байр сууц аваагүй байх, бага дунд орлоготой иргэд хамрагдах гээд олон заалттай. 2016 онд түрээсийн байранд орохоор хүсэлтээ өгсөн иргэдийн тоо гурван мянга давсныг мэдээлж байв. Өвлийн ид үе, идэр есийн жаварт түрээсийн байранд орох материалаа бүрдүүлэх гэсэн иргэд урт дараалалд даарч хөрж хонон өнжин зогсч байсан нь өрөвдөм. Тэр дотор "Бүтэн сар гаруй хөөцөлдөж байна” гэж ярьж байсан хүн олон бий.