"Синофарм"-ын вакциныг тээвэрлэн ирлээ

646

"Синофарм"-ын вакциныг тээвэрлэн ирлээ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас коронавирусний эсрэг "Verocell" вакцины 300 мянган тунг тээвэрлэсэн МИАТ-ын онгоц "Чингис хаан" нисэх буудалд өнөөдөр 00.00 цагийн орчимд газардлаа. 
БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн уг вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байна. Зөвшөөрөл гармагц хүн амд тарихад бэлэн байх үүднээс Монгол Улс татан авч нөөцлөх ажлаа хийж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өчигдөөр УОК-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. 
БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна. 
Манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа билээ. 
Монгол Улс өчигдөр БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакцины 150 мянган тунг хүлээн авсан бөгөөд энэ сарын 23-наас дархлаажуулах ажил эхлэх юм. Эхний ээлжид цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг вакцинд хамруулна. 
 
 
 
 
Монгол Улс ДЭМБ-ын дэргэдэх "COVAX” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний удиралд вакцин нийлүүлэх орны жагсаалтын дөрөвдүгээрт орсон байна. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогоор, "Астразенека”-гийн 163 мянган тун, "Файзер”-ын 25 мянган тун, нийт 188 мянган тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа юм. Үүгээр эрсдэлт бүлгийн хүмүүсийг дархлаажуулах бөгөөд цаашид хүн амынхаа 60 хувийг бүрэн вакцинд хамруулахаар төлөвлөөд байгаа юм.
 
 
 
Одоогоор, ДЭМБ-аас "Файзер" болон "Астразенека" вакциныг онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Харин энэ сарын сүүлээр, "Модерна", гуравдугаар сард "Синофарм", "Синовак" вакциныг зөвшөөрөх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>