Их Британи Энэтхэг рүү эмнэлгийн тоног төхөөрөмж илгээжээ
Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд нь зориулж Их Британийн Засгийн газар Энэтхэг рүү эмнэлгийн тоног төхөөрөмж, тэр дундаа хиймэл амьсгалын аппарат илгээжээ. Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна. “Коронавирусний халдварыг хүндээр туссан өвчтөнүүдэд тусламж үзүүлэхийн тулд бид Энэтхэгийн ард түмэнд ашиглагдаагүй эхний ээлжийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг яаралтай илгээлээ. Бүгд аюулгүй болсон тохиолдолд л бид аюулгүй болж чадна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.
Коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, энэ өвчинтэй тэмцэхэд нөөц бололцоо хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан Энэтхэгт тусламж үзүүлэхээ Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон өмнө нь мэдэгдсэн юм. Эхний ээлжинд Энэтхэгийн эрх баригчид 495 хүчилтөрөгч баяжуулагч тоног төхөөрөмж болон 120 хиймэл амьсгалын аппарат хүлээн авахаар болжээ.