Монголчуудын өгсөн "Далай лам” цол “амьд бурхан” гэсэн утгыг олж, Монголчуудыг өөрсдийг нь “боолчлох” болсон нь "хувь заяаны хошигнол"

444

Монголчуудын өгсөн "Далай лам” цол “амьд бурхан” гэсэн утгыг олж, Монголчуудыг өөрсдийг нь “боолчлох” болсон нь "хувь заяаны хошигнол"

 

Монголчууд бидний шашин, төөрөгдлийн учир шалтгаан

Бурхны шашинд маш хүчтэй автагдаж, бас Буддагийн шинжлэх ухаанч сургаал, номлолыг ихээр шашинжуулж буруу үр дагавартай болгосон улс үндэстэн бол юуны өмнө Төвд ба Монгол (нүүдэлчид) юм. Энэ хоёр ард түмэн бараг нийтээрээ бурхны шашинтан болцгоожээ. Гэтэл өнөө гэхэд Энэтхэг Жагарын хүн амын дөнгөж 5 орчим хувь нь л энэ шашинд сүсэглэж байна.

Христыг алдаршуулж, христос шашныг үүдэж үүсгэсэн хүмүүсийн дийлэнх олонхи нь анхан эхлэлээсээ мөн л эртний нүүдэлчид, малчид (хоньчид голдуу) байжээ. Лалын шашныг ч гэсэн Арабын нүүдэлчид, малчид үүсгэж дэлгэрүүлжээ. Мал аж ахуй бол цаг агаар, бороо цас, нар, салхи, аянга, цахилгаан, үер уснаас их хамааралтай ба тэр бүх хүчин зүйлүүд нь яаж ч бодсон гэсэн дээд тэнгэрээс л үүдэлтэй мэт билээ. Ингэхлээр дээд тэнгэрт залардаг хэмээгдсэн ертөнцийн эзэд, бурхдад сүсэг төрөх нь "ёстой л яалт ч үгүй" буулт, тавилан ажээ.

Нүүдэлчдийн, малчдын жаргал зовлон, амь нас, эд хөрөнгө, хувь заяа бүгд тэнгэр, бурхдын гарт байдагт итгэж, тэднийг аргадаж, өргөл барьц өгч, ивээл хүсэж амьдрах нь ганц зөв зам мөр гэгдэх нь ч яалт ч үгүй байжээ.

Өмнө өгүүлснээс үзэхүл нүүдэлчид, малчдын оюун санааны амьдралд л бараг бүх шашны эхлэл, суурь анх тавигдсан байж болох талтай юм.

 

Бурхны шашин анх Төвд, Монголд үүсээгүй мөртлөө энэ хоёр оронд л газар аван дэлгэрч ганцаар ноёрхох болсон нь цаанаа юу нууж, юу өгүүлж байна вэ?

Энэ талаар Төвдийн шинэ үеийн оюунлаг хүмүүс, сэхээтнүүд сайтар эргэцүүлэн бодож уг үндсийг нь эрэх, судлах шаардлагатай. Мөн Монголын сэхээтнүүд ч ард түмнийхээ оюун санааны амьдралын ирээдүйд санаа тавих, сэтгэл зовох үүднээс "Будда-энэрэнгүй үзэлтэн, Будда-соён гэгээрүүлэгч, Будда-сэтгэл судлаач, эрдэмтэн, Будда-философич, хүмүүнлэгийн ухааны том сэтгэгч" болох талаас нь Буддаг дахин нээж шашин, мухар сүсгийн түүхэн их шавааснаас нь Буддизмыг салгамаар, цэвэршүүлмээр байна. Энэ их ажил, энэ том зорилго Монголын төдийгүй дэлхийн шашин судлаачдын өмнө "бүхэл бүтнээрээ шахам" зогсож байгаа болно.

Бурхны номын дээд оройд нь гарч, цаад гүнд нь нэвтэрсэн гэгдэгч амьд бурхад, хутагт, хувилгаадын ид шидийн тухай худал цуу яриа, зальжин арга, хэлбэрээр тараасан гайхамшиг бүхэнд Монголчууд гэнэхэнээр итгэж, автаж ноёд, ард бүгдээр сөгдөн мөргөж, сүсэглэн залбирах болсон нь "эрт дээрээс монгол хүмүүнд уламжлагдан ирсэн их практик ухаан, аливааг нягтлан шалгаж байж итгэдэг заншилд" харшилсан нэгэн сонин баримт болж түүхнээ үлдэх биз ээ...

Соёл, шинжлэх ухаан, техник-технологийн ХХI зууны өндөрлөгөөс үзэх ахул ардчилах үйл явц нь яг хэрэг дээрээ бол хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн бүхнийг шинэчлэх хөдөлгөөн юм. Иймээс ард түмний оюун санааны ертөнцийг ч гэсэн алив шаваас, булингараас нь чөлөөлөх, цэвэршүүлэх учиртай. Буруу суртлыг орхих, муу уламжлалаас салах, хоцрогдлыг арилгах, мухар сүсгээс ангижрах, бүхнийг, бүгдийг шинжлэх ухааны мэдлэгийн үндсэн дээр шинэчлэн эдүгээжүүлэх их хэрэгт төр засаг, оюунлаг иргэд, сэхээтнүүд бүгдээрээ хичээнгүйлэн зүтгэх ёстой. Чухам тэгж байж л бид үнэн боловсронгуй, үнэхээрийн соёлтой, иргэний ардчиллаар тугаа хийсэн хүмүүнлэг, энэрэнгүй нийгмүүдтэй зэрэгцэж очих болно.

 

Өнөөдөр гэхэд л ихэнх монгол хүмүүний оюун санааны амьдрал бараг нэлэнхүйдээ шахам бурхны шашны зан үйл, үзэл сурталд автагдах хандлагатай болчихлоо. Бүхий л юмс, арга хэмжээний эхлэл, төгсгөл, явц, амжилтыг ихэнхдээ л шашны зан үйлээр тэмдэглэх болов.

 

Ардын маань үнэт, утга төгөлдөр уламжлал, өвөг Монгол заншил, дээдлэл, төрийн хар хүмүүний мухар сүсгээс ангид зан үйл гэх мэт нь хайччихаа вэ? Дан ганц шинжлэх ухааны мэдлэгт, ардын маань түүхэн уламжлалд суурилсан ухамсар, сэтгэлзүй яагаад өргөн олонд гүнзгий зуршихгүй байна вэ?

Монголчуудын дунд бурхны шашныг аль болохоор түргэн, аль болохоор өргөн, эгнэгт шахам ноёрхох хэмжээнд гүн гүнзгий яаж дэлгэрүүлэх вэ? гэдэг зорилгоо Төвд, Манж нар үнэхээрийн чадамгай хэрэгжүүлжээ. Тэд энэ хэрэгтээ Чингис хааны нэр төр, удам судрын нь яс, цусыг ч овжин, зальжин ашиглажээ. Чингисийн угсааны ноёд, хатдын итгэл сэтгэлийг олзлоод зөвхөн зогссонгүй бүр лавлуулаад тэднийг мөнхүү шашны бурхдын хойд дүрүүдээр тодруулж "өөрийн болгож" тэдэнтэй үүх түүх, гарваль, угсаагаа холбож нэгтгэжээ. Мөн ч овжин, тун ч урлагтай, алсыг дэндүү сайн хараалсан бодлого гэж энэнийг л хэлдэг байх даа гэмээр...

 

Төвдүүд Далай ламын дөрөвдүгээр дүрээр Түмэдийн Алтан ноёны хүү Сэнгэдүүрэнгийн том хүү Сумир дайчин хунтайжийн хүүг тодруулжээ. Ингэж Төвдийн шашны тэргүүн нь Чингисийн алтан ургийн хүн болжээ. Энэ нь Далай ламын удаах дүрүүд бүгд Чингисийн алтан ургийнхантай холбоотой болчихож байна гэсэн үг. Монголын хааны удам төвдөчлөгдөж, Төвдийн шашны тэргүүнүүд Монгол цустай болжээ. Ингээд зөвхөн зогссонгүй Богд Жавзандамба хутагтын хоёр дүр мөн Чингисийн алтан ургаас тодорч энд бас удаах төвд дүрүүд нь алтан ургийн хамааталтай болсон байна. Чингэж төр ба шашны дээдэс Төвд ба Монголд гарваль, түүх нэгтэй болжээ. Тэгээд бас зогссонгүй Төвд ба Монголын эзэн гүрэн Манжийн хаан нь Манзушир бурхны хувилгаан гэгдэх болсон билээ...

Бурхны шашин суртлын үүднээс үзэх ахул Монголын хаад болон Манжийн хаад нь хүний дүрээр энэ дэлхийд залран мэндэлж Төвд, Хятад, Монголыг эрхшээн хаанчилж асан дээд тэнгэрээс гарвальтай, бурхдын хувилгаан дүрүүд мөн ажээ. Төвдийн шашин, Манжийн хаан хоёр ноёрхлоо ингэж зүй ёсны, тэнгэрийн таалал дагуу болгож баттай үндэслэжээ. Ази дахины түүхийг Бурхны шашны философийн үүднээс бичих аваас түүхийн үнэн ийнхүү уран сайхны бүтээл болж төрөл арилждаг, үлгэр болж хувирдаг байна.

 

Монгол Далай лам нэгийг (Ендонжамцбалсамбуу 1589-1617) дээр нь нэмээд Монгол Жамзандамба хутагт хоёрыг Чингисийн алтан ургаас тодруулах уран овжин аргаар төвдүүд Монголчуудыг "олзлон авчээ". Чингэж олзлогдсон эмгэнэлт төлөв байдлаасаа Монголчууд өнөөдөр ч чөлөөлөгдөж чадаагүй байна.

 

Түмэдийн Алтан ноёны төвд ламд өгсөн "Далай лам” хэмээх цол, Хошуудын Төрбайх ноёны төвд ламд "Банчэн эрдэнэ" хэмээх цол амьд бурхан гэсэн утгыг олж улмаар Монгол даяарыг оюун санааны хувьд боолчилж эдийн засгийн хувьд мөлжиж, улстөрийн хувьд дарангуйлах болсон түүхийг "хувь заяаны хошигнол" өөрөөр нэрлэх аргагүй юм.

 

Монголчууд бид ер нь юунд итгэж, юунд сүсэглэж, хэнд сөгдөн мөргөж ирсэн болж таарч байна вэ?...

Ордосын ноён Хутагтай Цэцэн хунтайж болон түүний авга ах Түмэдийн ноён Алтан нарын идэвх, санаачилгаар Монгол руу гуравдахиа дэлгэрсэн бурхны шашин (шарын шашин) Төвд, Манж, Хятадын хувьд тун ч олон талын ашиг өгч, харин Монголчуудын хувьд олон талын хорлол, хор болжээ. Төвдөөс удаа дараа тодорсон Далай лам, Банчэн эрдэнэ, Жавзандамба хутагт нарт Монголчууд чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөсөөр, өргөл барьц өгсөөр, бүхнээ даатган залбирсаар 4 зууныг элээсэн боловч өөрсдөө улам л цөөрч, улам л ядуурч, улам л мунхарч, улам л арчаагүй, номхон, хүлцэнгүй болсоор иржээ. Чингэж доройтож, мөхөж байгаагаа ч үл ойлгож, учир шалтгааныг нь ч үл шинжилж, өөрийнхөө оршин байх төрөлх эрх, инстинкт, дархлаагаа ч хэрэгсэхээ больтлоо дүнхүүрчээ.

Одоо, XXI зуунд энэ түүх давтагдах, тэгэхдээ Монголчууд бидний үндэсний ашиг, сонирхол, хөрш улсуудтайгаа харилцах байдалд хохирол, садаа болохоор цаг үе, нөхцөл байдалд давтагдаж болзошгүй байна. Энэнийг төр засаг ч анхаарах ёстой, түмэн олон ч ойлгож тооцож байх учиртай. Бүхний, бүгдийн дээгүүр Монголын маань л ашиг, сонирхол тавигдаж байх ёстой.

Төр засаг болон шашин суртлынхаа жолоо цулбуурыг Монголчууд зөвхөн өөрсдөө л гартаа атгаж байх нь зөв болно. Эсрэг тохиолдлын хор хөнөөл, уршиг, үр дагаврыг бид мөн ч удаан хугацаанд, мөн ч гашуунаар амсаж эдэлсэн дээ!...

Ахин, дахин эргэцүүлэн, нягтлан бодоцгоо ард минь!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>