Хилийн цаана команд хүлээсэн БЕНЗИН
Хилийн цаана байгаа дүүрэн шатахуунтай чингэлэг ачсан вагонууд командаа хүлээгээд зогсож байна.
Товчхондоо бол Засгийн газраас "Шатахууны үнийг нэм” гэсэн команд өгсөн даруйд хилээр саадгүй нэвтрээд ороод ирнэ гэсэн үг. Эндээс улстөрчид зохиомлоор хомстол үүсгэж байгаа нь харагдаж байгаа юм. Улстөрчид гэхийн учир нь шатахуун импортлогчид чинь улстөрчид, тэдний гэр бүл, ойр тойрныхон байдаг.
Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаах гэсэн тактик шатахуун импортлогч улстөрчдөд байна гэсэн үг. Мэдээж Ерөнхий сайдын хувьд огцрох олон олон боломжийг өөрөө удаа дараа гаргасан. Хэрэв "Үнэ нэмэхгүй” гэвэл түүнийг намынх нь нөлөө бүхий нөхдийн оролцоотойгоор үднэ. Харин "Үнээ нэм” гэвэл "Сайн бацаан” гээд толгойг нь илээд Засагт нь үлдээх учиртай.
Сайн бацаан болоод Засгийн тэргүүнээр үлдэх, ард түмнээ цээжээрээ хамгаалсан болж ОГЦРОХ энэ хоёрын аль нэгийг нь тэрбээр сонгох болчхож.
ШТС-ууд квот тогтоож бөөгнөрөл үүсгэж эхэлж байгаа үйл явдал буюу "ТРЕЙЛЕР”-ийг нь бид өмнө нь мэдээлсэн. Харин одоо хилийн цаанаа команд хүлээгээд зогсож байгаа шатахуунууд бол киноны үйл явдал өрнөж эхлэх гэж буй нь тэр.
Тэгээд ч ШӨХТГ-аас ШТС-уудад хүргүүлсэн "Хязгаарлалтаа зогсоо” гэсэн албан бичиг ч зохиомол хомстол үүсгэж байгааг гэрчилж буй дүр зураг ч харагдаж байгаа юм.
Юутай ч хилийн цаана байгаа чингэлэг дүүрэн бензин ямар команд өгөхийг хүлээгээд байж байна.