Шатахуун импортлогчид үнээ дахин нэмлээ

805

Шатахуун импортлогчид үнээ дахин нэмлээ

Наадмын өдрүүдээр шатахууны үнэ өсөж АИ-92 төрлийн шатахуун нийслэлд 1,830 төгрөг болов.

Сүүлийн саруудад манай улсад шатахууны үнэ тогтворгүй байгаа. Шатахуун импортлогчид он гарснаар баяр давхцуулан гурван удаа үнээ нэмсэн юм. 

Тодруулбал, шинэ оны амралт давхцуулан шатахууны үнийг 30 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 1,660 төгрөг болгосон бол Cap шинийн баяраар 1,700 хүртлээ өссөн. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид Онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарласнаар Засгийн газраас АИ-92, АИ-80 авто бензиний Онцгой албан татварыг тэглэсэн. 

Гэвч шатахуун импортлогчид аажмаар үнээ нэмсээр ийнхүү АИ-92 авто бензин хөдөө орон нутагт 2,000 төгрөгт дөхөөд байна. Өчигдөр "Петровис” шатахуун түгээх станцад АИ-92 авто бензинээ байршлаасаа шалтгаалаад 1,800-1,830, "Тэс петролиум”, "Сод Монгол", "Магнай трейд” гэх мэт шатахуун түгээх станцад 1,800 төгрөг болгожээ. 
Наадмын өмнө тэд мөн үнээ нэмсэн. Тухайн үед Уул уурхай, хүнд яамнаас шатахуун импортлогчид үнээ нэмэх талаар мэдэгдээгүй гэдгийг хэлж байв. Мөн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байсан юм. 

Шатахуун импортлогчид 2011 онд шатахууны үнийг өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлыг шийдэхээр Монголбанк, тухайн үеийн Уул уурхайн яам хамтран Жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.

Б.Болор-Эрдэнэ

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>