Танилц: Капитал банкнаас зээлсэн төлбөрөө төлөхгүй байгаа 199 зээлдэгч
- Капитал банкийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн өдрөөс хойшхи хугацаанд хэдэн төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан бэ?
- 2019 оны 4 дүгээр сарын 08-ны байдлаар Капитал банкнаас авлагатай иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагын дараалалд орсон 624.7 тэрбум төгрөгийн өр төлбөр бүртгэлтэй байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 353,134 харилцагч буюу иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагын шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөөр болон өр төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх байдлаар 227.3 тэрбум төгрөг буюу нийт өр төлбөрийн 36.4 хувийг нь барагдуулаад байна.
Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд төлбөр барагдуулах дарааллыг тодорхой заасан байдаг. Үүнээс тухай үед мөрдөгдөж байсан Банкны тухай хуулийн 73.1.3 буюу даатгагдсан хадгаламж эзэмшигчид бүгд, 73.1.5 буюу даатгагдаагүй харилцах, хадгаламж эзэмшигч нар тооны хувьд 99.9 хувь нь банкинд байршуулсан мөнгөө авсан. Одоо 73.1.5 дахь дараалалд 230 тэрбум төгрөгийн өр төлбөр буюу өндөр дүнтэй хадгаламжтай байсан төрийн 2 байгууллага, 2 иргэн үлдсэн байгаа. 73.1.7-73.1.9 дэх дараалалд нэхэмжлэл гаргасан 27 этгээдийн 197 тэрбум төгрөгийн өр төлбөр бүртгэлтэй байна.
- Банкны тухай хууль, журмын дагуу хохирлыг хэрхэн барагдуулах ёстой вэ?
- Банкны тухай хууль болон Монголбанкаас баталсан "Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын дагуу зээл, авлага төлүүлэх болон Капитал банкны нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах 2 аргаар мөнгөн хөрөнгө болгож хохирол барагдуулах ёстой. Мөн өр төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлэх байдлаар шийдвэрлэж байна.
Ингэхдээ Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу барагдуулна. Тухайн дараалал дууссаны дараа дараагийн дарааллыг барагдуулах ёстой, өөрөөр хэлбэл дараалал урагшлуулах, хойшлуулах боломжгүй юм. Дуудлага худалдааны хувьд Капитал банкны хуучин удирдлагуудад үүсгэсэн эрүүгийн хэргийн явцад прокурорын зөвшөөрлөөр банкны бараг бүх хөрөнгийг битүүмжилсэн буюу шилжилт хөдөлгөөнийг зогсоосон тул 2019, 2020 онд дуудлага худалдаа явуулаагүй. Харин 2021 оноос төрийн байгууллагын хохирол барагдуулах ажлын хүрээнд л битүүмжийг тодорхой хэмжээгээр чөлөөлж байгаа тул дуудлага худалдааг зохион байгуулж 13.93 тэрбум төгрөгийн хөрөнгө худалдан борлуулж хохирол барагдуулаад байна.
- Одоо хэдэн төгрөгний хохирол үлдэж байна? Зээл, хөрөнгийн үлдэгдэл хэд, чанар ямар байна вэ?
- Өнөөдрийн байдлаар дараалалд бүртгэлтэй болон бусад өр төлбөр нийт 470.1 тэрбум байна. Энэ тоо нь шүүх, хуулийн байгууллагуудаар зарим маргаан хэрхэн эцэслэн шийдвэрлэхээс хамаарч өөрчлөгдөж болно. Харин нөгөө талдаа 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар буюу Банкны эрх хүлээн авагч хүлээн авахад Капитал банкны зээлийн багцын 90-ээд хувийг чанаргүй зээл эзэлж байсан. Одоогоор мөнгөн хөрөнгө болох боломжтой актив буюу нийт 802 зээлийн 157.8 тэрбум төгрөг, хөндлөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 118 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, нийт 275.8 орчим тэрбум төгрөг бүртгэлтэй байна. Энэ тоо нь 100 хувиар тооцсон дүн буюу Банкны нягтлан бодох бүртгэлийн заавраар эрсдэлийн сан хасагдуулаагүй бодоход ийм байна.
Зээлийн эргэн төлөлт муу, зээлийн маргаан шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд шийдвэрлэгдэх хугацаа 3 жил болж байна. Мөн Ковид цар тахал, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас зарим зээл төлөлтийг бүтэн жилээр хойшлуулсан зэргээс шалтгаалан зээлдэгч нар зээлээ төлөхгүй удаж байгаа тул өр төлбөрийг төлж барагдуулах хугацаа тодорхойгүй юм. Хэвийн ипотекийн зээлийн хувьд 2021 онд төлбөр хойшлуулсан байдалтай байна. Зээлийн багц бараг тэр чигтээ чанаргүй, хөрөнгийн чанар муу, борлогдохгүй, үнэ цэнэ буурах, үнэлгээ өндөр байгаа зэрэг асуудлууд байна.
- Ковид, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч зээл төлөлт муу байгаа юм байна. Ямар арга хамжээ авч байна вэ? Цаашид хийгдэх арга хэмжээний талаар?
- Банкны эрх хүлээн авагчийн ажлын албанаас зээл төлүүлэх, хөрөнгө худалдан борлуулах тал дээр хэд хэд арга хэмжээ авч байна. Монгол Улсын Их Хурлаас 2020 онд татан буугдсан банкны хөрөнгийг улсын хэрэгцээнд авч болох тухай 32 дугаар тогтоол гарсан. Банкны тухай хууль болон энэ тогтоолын дагуу Засгийн газрын харьяа байгууллагууд, хуулийн байгууллагатай хамтран ажиллаж тодорхой шийдвэр гарган хөрөнгө өр төлбөрт шилжүүлж байна.
Эндээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт мөнгөн хөрөнгөөр 7.6 тэрбум, хөрөнгөөр 22.15 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт мөнгөн хөрөнгөөр 7.6 тэрбум, хөрөнгөөр 36.46 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд эмнэлгийн зориулалттай хөрөнгө 4.1 тэрбум, Монгол Улсын Боловсролын их сургуульд 2.1 тэрбум төгрөгийн гэх мэт хөрөнгө шилжүүлэн хохирол барагдуулж нийтдээ 83 тэрбум төгрөгөөр төрийн өмчит байгууллагуудын даатгагдсан болон даатгагдаагүй харилцах, хадгаламжийг бүрэн барагдуулж ажилласан.
Иргэд, хуулийн этгээдийн хувьд дээр дурьдсанчлан 353,000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 144.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Одоо том дүнтэй 2 хадгаламж эзэмшигч үлдсэн ба энэ хоёрын хувьд шүүхийн маргаантай, эцэслэн шийдвэрлүүлэх асуудал байгаа.
Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Капитал банкны удирдлагуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, банкийг хохироосон этгээдүүдээс хохирол барагдуулах мөнгөн хөрөнгө орж ирж байж өр төлбөр барагдуулах ажиллагаанд үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа.
Төрийн сангуудын хохирол өндөр байгаа учраас холбогдох Засгийн газрын харьяа байгууллага Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албатай хамтран Удирдамж баталж гарган, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үр дүнтэй, хурдан гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.
Шүүхийн ажиллагааг аль болох хурдан шийдвэрлүүлэх тал дээр ажиллаж байна. Гэвч зээлдэгчээс шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатанд тал бүрээр гомдол гарган удаашруулах хуулийн боломжуудаа ашиглан хугацаа их авч байна.Мөн Банкны эрх хүлээн авагч томилогдсноос хойш өнөөдрийн байдлаар зээлдэгчтэй уулзах, зээл төлүүлэх талаар ажиллах, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэх зэргээр ажилласан боловч төлөлт хийгдээгүй 199 зээлдэгчийн 99.1 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байна. Эдгээр зээлдэгчдийн хувьд төлбөр төлөөгүй боловч төлбөр төлүүлэх шүүх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд байнгын явагдаж байна.