ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны сургалт семинар боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны сургалт семинар өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Семинарт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс, харьяа байгууллагын дарга, захирал болон нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож байна.
Сургалт семинарын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн онд салбарт хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, энэ онд анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.
"Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 31.8 хувийг бүрдүүлж, экспортын орлогын 5.2 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж, нийт үйлдвэрлэл жилээс жилд өсөж байна.
2021 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар салбарын тулгамдсан 90 гаруй асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн нь салбарын нийт бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлд багагүй өөрчлөлтийг авчирсан гэж дүгнэж байгаа"-гаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ.
Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож байгаа нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар орон нутагтаа тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, салбарын сайдтай харилцан санал солилцов.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ХХААХҮ-ийн салбарт 2022 онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажлын талаар Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нэгдсэн мэдээлэл өгсөн юм. Шинэ сэргэлтийн бодлогод үндсэн зургаан багц арга хэмжээ багтаж буй бөгөөд хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт нь ХХААХҮ-ийн салбарт илүү хамаарч байгаа юм.