2022 онд хоршооны хөгжлийг дэмжинэ

259

2022 онд хоршооны хөгжлийг дэмжинэ

 

Энэ жил манай улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хоршоологчдын үндэсний VII чуулган болж, "Хоршооллын талаар төрөөс баримтлах бодлого" сэдвээр илтгэл танилцууллаа.
Өнгөрсөн оны мэдээгээр манай улсад 4468 хоршоо, 234 мянга гаруй гишүүнтэй, 49,6 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Иргэд хөдөлмөр, хөрөнгөөрөө хоршин, хүртэх орлого ашгаа нэмэгдүүлэн хүн амын ядуурал, ажилгүйдэл ялангуяа хөдөө, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
Хоршоод нь нийт аж ахуйн нэгжийн 2,2 хувийг эзэлж, албан бус тоогоор 234 мянга гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлж, 1,1 сая өрхийн гишүүдийг амьдралын баталгаагаар хангаж байна.

 

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хоршооны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор
2019 онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”, 2021 онд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 40 дүгээр тогтоолыг баталсан.Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх, загвар хоршоодыг байгуулах, Хоршоог хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, бүх хоршоодыг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар төлөвлөж байна.
Үндэсний түвшинд орон нутаг, сум бүхэнд түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааг гардан хариуцагч, малчид, тариаланчид, мал бүхий өрхийг нэгтгэсэн, өмчийн оролцоо бүхий хөдөөгийн хөгжлийн загварыг бий болгох хэрэгтэй.

 

"Нэг сум - Нэг хоршоо" хөдөлгөөний хүрээнд сум болгонд “Загвар хоршоо”-г бий болговол сумын иргэд хоршоогоо өөрсдөө байгуулж, өөрсдөө удирдаж, өөрсдөө хянаж, хоршоогоороо үйлчлүүлж, хүртэх ашгаа хувааж, орон нутагтаа сайхан амьдрах боломж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 онд “Загвар хоршоо”-ны ТЭЗҮ-ийг хийлгэсэн. Загвар хоршоог байгуулснаар сум бүрд 29 ажлын байр шинээр бий болж, түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжиж, үйлдвэрүүдийг чанар стандартын шаардлага хангасан түүхий эдээр хангаж, өрхийн орлого нэмэгдэж, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр болно.
Хамтран хоршиж амьдрах хэлбэр нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, ядуурлыг бууруулах, байгаль орчны өөрчлөлт, дэлхийн дулаарлаас хамгаалах гол арга гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байна.
Та бүхэндээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>