Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн газрын дээрэм гарах вий?!

136

Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн газрын дээрэм гарах вий?!

 

Монголд хөрөнгө оруулалт хийгээд 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Австралийн иргэн, "Эс энд Ви Юү” ХХК-ийн захирал Лим Кен Жинийн яриаг бид өмнө нь хүргэсэн. Лим Кен Жин нь хөрөнгө оруулалтынхаа төслийн газрыг хэсэг бүлэг этгээдүүдэд дээрэмдүүлэхдээ тулаад байгаа юм.
 
"БҮХ ЗҮЙЛ ХУУЛЬ ЁСНЫ БАЙГААСАЙ Л ГЭЖ ХҮСЧ БАЙНА”
 
Тэрбээр "..."Бид хөрөнгө оруулагч” гээд Монголын төр засгаас давуу байдал нэхээгүй. Харин хууль ёсны хөрөнгө оруулалтаа хэсэг бүлэг муу хүний хууль бус үйл ажиллагааны хүчээр дээрэмдүүлмээргүй байна. Монголд миний оруулсан хөрөнгө хууль ёсных учраас бүх зүйл хууль ёсны байгаасай л гэж хүсч байна” гэсэн юм. Мөн "Би анх Оюу толгойн гэрээг байгуулахад Монголд хөрөнгө оруулахаар ирж байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсад 25 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсч байна. Миний энэ 25 сая ам.доллар бол бүгд хууль ёсны хөрөнгө. Өөрөөр хэлбэл, бүгд дансаар орж ирсэн.
Би Монголд ямар нэг хууль бус хөрөнгө оруулаагүй. Гэхдээ одоог хүртэл Монголд итгэх итгэлээ алдаагүй байна. Учир нь хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчидтай Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тохиролцоонд хүрч чадлаа. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн хувьд том алхам болсон. Хамгийн чухал нь Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай болохоор энэ мэт томоохон төслүүд нь урагшилбал эдийн засаг нь дорхноо босоод ирнэ. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн зөв гарцаа нээж байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд ч цаашид барилгын салбар биш гэхэд бусад салбарт хөрөнгө оруулах боломж бий гэж харж байна” гэж байгаа юм.
 
"ЭХЛЭЭД 2012 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА, ДАХИАД 2018 ОНД ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД ОГЦРОХЫНХОО ӨМНӨ ЦУЦАЛЧИХСАН. ОДОО...”
 
Түүнчлэн өөрт тохиолдоод байгаа үйл явдлын талаар "Би 12 жилийн өмнө идэр насандаа танай улсад хөрөнгө оруулалт хийж орж ирсэн. 2010 онд "Эс Энд Ви Юу” ХХК-ийн хувьцааг эзэмшлийн газартай нь худалдаж авч байсан. "Эс Энд Ви Юу” ХХК-ийнхаа шугамаар 578 айлын "River view” орон сууцны хотхоны төсөл хэрэгжүүлэх гээд ажиллаж эхэлсэн. Төслийн бэлтгэл ажил явагдаж байтал 2012 онд Монголд УИХ-ын сонгууль болсон. Сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийслэлийн удирдлагуудын зүгээс манай эзэмшиж байсан газрыг шууд цуцалчихсан. Яагаад цуцалсныг асуухад "Тухайн газрыг дуудлага худалдаа зохион байгуулаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр хууль бус захиргааны актаар олгосон байна” гэсэн. Бид шүүхэд хандсан. Учир нь биднийг уг газрын эзэмшигч болоход тийм асуудал огт байгаагүй. Бид бүх зүйлийг Монгол Улсын хуулийн дагуу хийж байсан. 2013 оныг хүртэл шүүхийн процесс явагдсан. Эцэст нь шүүх дээр бид ялсан. Тэгээд газар эзэмших эрхээ 2028 оныг хүртэл 15 жилээр сунгуулсан. Тэгэхдээ дуудлага худалдааны төлбөр гэж нийслэлд 396 сая төгрөг төлсөн. Ингээд бид 2013 оноос хойш төслийн ажилдаа орсон. 2014 онд барилгынхаа эскиз зургийг батлуулсан. Тэр дагуу техникийн нөхцөлүүдийг авахаар холбогдох яам, агентлагуудад хандсан. Цахилгаан, цэвэр бохир ус, холбооны техникийн нөхцөлүүд гарчихаж байгаа юм. Харин дулааныхыг өгдөггүй. Энэ хооронд өмнө авсан техникийн нөхцөлүүд хүчингүй болж, дахин хандах зэргээр хүндрэл үүсээд эхэлсэн. Учир нь техникийн нөхцөлийг нэг жилээр олгодог. Ингээд байж байтал 2018 онд манай энэ газар эзэмших зөвшөөрлийг гэнэт цуцалчихсан байсан. Бид энэ талаар хэвлэлээс мэдэж байв. Тухайн үед Хотын дарга байсан Су.Батболд буухынхаа өмнөхөн, бараг сүүлийнхээ захирамжид манай газрыг оруулаад цуцалсан байсан. Яагаад ингэснийг ойлгоогүй. Бид мэдээж шүүхэд хандсан. Дахиад л ялсан. Шүүхийн шийдвэрийн дагуу манай газар эзэмших эрхийг 2019 онд сэргээсэн. Тэгээд л төслийнхөө ажилд дахиад орсон. Гэтэл барилгын эскиз зургийг "2014 оных байна, хүчингүй, дахин хийлгэ” гэсэн. 2021 оны гуравдугаар сард дахин хийсэн эскиз зургаа батлуулсан. Ингээд техникийн нөхцөлүүдээ хүсээд явж байтал ийм явдал болчихлоо. Танай газрыг цуцална шүү гэсэн мэдэгдэл ирсэн. Одоо яахаа мэдэхгүй, гайхаад байж байна” гэв.
 
"ШҮҮХДЭХ НЬ БИДНИЙ ХУВЬД ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТ БОЛДОГ”
 
 
 
"Дахиад цуцалчих юм бол бид мэдээж шүүхдэж таарна. Гэхдээ шүүхдэлцэх маш хэцүү. Хамгийн гол нь шүүхийн процесс 2-3 жил болдог. Маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө алддаг. Өөрөөр хэлбэл, шүүхдэх нь бидний хувьд залхаан цээрлүүлэлт болдог.
 
Миний хувьд энэ 12 жилийн хугацаад Монголд сайн хүнтэй олон таарлаа. Муутай нь цөөнгүй учирлаа. Зарим муу хүний нөлөөгөөр ийм хууль бус үйл ажиллагаа явагдаад байна уу гэж харж байна” гэсэн юм.
 
"ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН” ДҮГНЭЛТТЭЙ ГАЗРЫГ ДУУЧИН В.А.Т-ГЭЭС "АРТӨ” ХХК-Д ШИЛЖҮҮЛЖЭЭ
 
 Лим Кен Жинийн ерөнхий захирлаар нь ажилладаг "Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшил газар нь РЦНК-гийн ойролцоо байдаг.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Баянзүрх дүүргийн ГЗБА-наас "Барилгын зөвшөөрөлгүйгээр түр хашаа барьсан” хэмээн тэр хашааг нь нураасан. Тэр талаар олон нийтэд мэдээлэл хүрэхтэй зэрэгцэн "Тухайн газрыг цуцалж, тэнд нийтийн эзэмшлийн талбай бий болгоно” гэсэн зар түгээсэн.
Харамсалтай нь , энэ бүхний ард эзэмшил газрын дээрэм явагдаж буй аж. Уг дээрмийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, АН-ын харьяалалтай нэгэн дүүргийн Засаг дарга, нийслэлийн холбогдох албан тушаалтан зэрэг нэр бүхий албаны хүмүүс хамааралтай байж болзошгүй эх сурвалжуудын мэдээлэл бий.
Товчхон хэлэхэд, "Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшил газрын хөрш "АРТӨ” ХХК буюу дуучин B.A.T-гийн эзэмшлийн газар дээр 17 давхар барилга баригдсан. Энэ барилга гаднаа зогсоол, нийтийн эзэмшлийн талбай байхгүй. Энэ нь "Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн газраар нөхөгдөх бололтой. Ер нь бол, гадаад захиралтай "Эс Энд Ви Юу” ХХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн 12 жилийн хугацаанд саатуулж, эцэст нь төслийн газрыг нь дээрэмдэж, өөрсдийн барилгын үйл ажиллагаанд ашиглах гэсэн санаархал л явсаар байгаа юм.
 
 
Гэхдээ Хотын дарга Д.Сумьяабазар энэ хууль бус үйл ажиллагааг баталгаажуулаагүй байна.
 
 
Үүнд маш их хамааралтай нэгэн баримт хүргэе.
 
"Эс Энд Ви Юу” ХХК-ийн төсөл хэрэгжих эзэмшлийн газар руу "АРТӨ” /6587933/ ХХК нь 17 давхар барилгаа оруулаад барьчихсан.  Тус барилгын газар нь 615 мкв хэмжээтэй. Үйлчилгээтэй орон сууц, зочид буудал барих зориулалттай. Сонирхолтой нь уг газрын эзэмшигч ойр ойрхон солигдож, хэд хэд дамжсан. Сүүлд иргэн Банзрагчийн Батболд /дуучин B.A.T/ гэгчээс Хотын даргын 2021 оны хоёрдугаар сарын 10-ны захирамжаар "АРТӨ” ХХК-д иржээ. Хамгийн гол нь иргэн Б.Батболд буюу дуучин B.A.T-гээс "АРТӨ” ХХК-д шилжүүлэхийн өмнө  2020 оны наймдугаар сарын 26-нд НГЗБА-ны Орлогч дарга М.Шижирбаяр, мэргэжилтэн Д.Бат-Өлзий, Б.Өрнөх нарын гарын үсэг бүхий албан бичгээр уг газрын гэрчилгээг хүчингүй болгохоо иргэн Б.Батболд буюу дуучин B.A.T-д мэдэгдэж байжээ. Уг мэдэгдэлд "Таны хүсэлтийг "Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй "эс зөвшөөрсөн” дүгнэлт гарсан болно. Иймд таны газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэжээ. Гэвч энэ дүгнэлт гарснаас зургаан сарын дараа дуучин B.A.T-гийн хүсэлт биелж, уг газар "АРТӨ” ХХК-д шилжсэн байна.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.