Эдийн засаг дахь хямралын чимээ

335

Эдийн засаг дахь хямралын чимээ

 

Цар тахал дэгдсэнээс хойш манай улсын эдийн засагт "нар туссангүй”. Цар тахлын сүүдэр Монголд гэлтгүй дэлхийн бусад орнуудад ч хохирол дагууллаа. Цар тахал гарсан 2020 онд манай улсын эдийн засаг 4.4 хувиар агшсан бол 2021 оны эхний улиралд тэлсэн. Гэсэн ч өмнөх оны сүүлийн гурван улиралд өсөлт саарч нэгдсэн дүнгээр 1.4 хувийн өсөлттэй гарсан юм. Харин энэ оны эхний улиралд 3.8 хувиар агшлаа.

Хэдийгээр иргэд цар тахлын эсрэг дархлаажуулалтад эрчимтэй хамрагдаж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч, амны хаалтнаасаа салж, бүх зүйл урьдын хэвэндээ орж байсан ч харамсалтай нь ОХУ, Украины дайн дэгдэж дэлхий нийтэд шинэ сорилт тулгарлаа. БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, ОХУ, Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд таамаглаж буй. Тухайлбал, Дэлхийн банк "Украины дайнаас шалтгаалан түлш, шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж хумигдах тохиолдолд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, 2022 онд ердөө 0.7 хувь болж болзошгүй байна” гэж дүгнэжээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг өмнө нь 4-6 хувь гэж тооцож байсан төсөөлөл ийнхүү огцом өөрчлөгдсөн байна.

Эдийн засаг дахь хямралын чимээ

Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс

Энэ дайны эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө Украины хилээс давсан бөгөөд дайны улмаас дэлхий даяар эрчим хүчний үнэ, инфляц эрс өсөж байгаа нь ядууст хамгийн хүнд цохилт болж байна. Дайнаас улбаатай хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт ядуу буурай орнуудын иргэдэд хамгийн их мэдрэгдэж байна. ОХУ болон Украины аль, аль нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч юм. Украин нь наранцэцэгийн тос үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол ОХУ хоёрдугаарт ордог. Тус хоёр улс дэлхийн наранцэцэгийн тос үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлдэг. Украин болон Оросын нийлүүлэлтийн цоорхойг тийм ч хурдан нөхөх аргагүй. Тийм учраас бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.

Иргэдийн хүлээлт, инфляцын өсөлт

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлд Төв банк инфляцыг 2022-2024 онд +-6 хувийн интервалд хадгална хэмээн баталсан. Гэвч энэ зорилтдоо хүрч чадаагүй. Өдгөө инфляц 15 хувь хүрсэн. Үүнд хил гаалийн гацаа болон геополитикийн асуудал нөлөөлж буй. Орлого нь хэвээрээ ч зарлага нь нэмэгдсэн энэ үед иргэд хэр удаан тэвчихээ мэдэхгүй ч бүсээ чангалсаар сууна. Украин улсад болж байгаа дайн нь Монгол Улсын гадаад дарамтыг улам нэмэгдүүлж байна. Тиймээс Монголбанкнаас бодлогоо чангаруулахад хүрсэн юм. Төв банк бодлогын хүүгээ сүүлийн дөрвөн сарын хугацаанд гурван удаа нэг хувиар нэмэгдүүлээд байна. Гэвч бодит хүү сөрөг утгатай байсаар л.

Эдийн засаг дахь хямралын чимээ

"Голомт” банкны ахлах эдийн засгийн шинжээч Э.Батхорлоо

Олон улсад болж байгаа үйл явдлууд хоёр сувгаар манайд нөлөөлж байна. Нэгт үнэд, хоёрт хүлээлтэд нөлөөлж байна. Үнийн хувьд ОХУ болон Украинаас орж ирж байгаа гол экспортын бүтээгдэхүүнүүд буюу хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөлттэй байна. Энэ нь инфляцад шууд нөлөөлж байгаа юм. Мөн орон сууцны үнэд ч нөлөөлж байна. Инфляц өсөлттэй байхад нийлүүлэлт, эрэлтийн, хүлээлтийн гаралтай шалтгаан бий. Өдгөө гурвуулаа бий болжээ. Иргэд үнэ өсөх нь гэж хараад хүлээчихээр аж ахуйн нэгжүүд ч мөн дагаад үнээ өсгөх хандлагатай болдог. Олон улсад ч тэр, манайд ч тэр стагфляц бий болох эрсдэлтэй байна. Энэ нь урт удаан хугацаанд инфляцын түвшин давамгайлж, эдийн засгийн өсөлт тааруу, ажилгүйдэл их байх үзэгдэл. Хэрвээ Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол энэ нь гиперинфляц болох эрсдэлтэй.

Манай улс 33 тэрбум ам.долларын гадаад өртэй. Үүний 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын зээл. Засгийн газрын зүгээс зээлийн эргэн төлөлтийн зохицуулалт хийх шаардлагатай буюу хамгийн өндөр төлбөр хийх ачаалалтай үе нь 2021-2024 онд тохиож буй. Энэ дөрвөн жилийн хугацаанд 4.7 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг хийх учиртай. Засгийн газраас өрийг дахин санхүүжүүлж хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах бодлого баримталж байгаа юм. Үүнээс өөр аргагүй гэдгээ ч учирлаж буй. Манай улсын нөхцөл байдал саяхан гадаад өрөө төлж чадалгүй дампуурлаа зарласан Шри Ланка улсынхаас ч муу байгаа гэдгийг эдийн засагчид сануулж байгаа билээ. Гэтэл энэ жил валютын ханш 10 хувиар чангарлаа. Хэрэв цаашид валютын эрэлт өндөр байгаад байвал эргээд валютын ханш савлаж, гадаад өрийн эргэн төлөлтүүд хийхэд маш хүндрэлтэй нөхцөл байдал бий болно. Тийм учраас юун түрүүнд хилийн асуудлаа шийдэхийг эдийн засагчид зөвлөж байна. Үүнийг шийдэж чадвал экспортоор орж ирэх валютын урсгал нэмэгдэж, гадаад валютын нөөц тогтвортой түвшинд очно. Хэрэв ингэж чадвал эдийн засгийн хямрал, ханшийн хямрал үүсэхгүй аж.

Бие даасан байдал

Эдийн засаг дахь хямралын чимээ

Дайн дажин, өвчин зовлон ахиад хэзээ ч нүүрлэж болзошгүй. Тиймээс дахин санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд бэлэн байдлаа сайтар хангах хэрэгтэй гэдгийг бид урд хөрш хилээ хаах үед маш сайн ойлгосон. Тиймээс эдийн засагчид баялгийн сантай болохыг зөвлөж байна.

Эдийн засаг дахь хямралын чимээ

Санхүүч Г.Батжаргал

Украины дайн манай улсад муугаар нөлөөж байгаа нь тодорхой. Уг нь бидэнд боломж байсан уу гэвэл тийм. Хохирол багатай байж болох байсан. Өөрөөр хэлбэл, бид уул уурхайгаас олж байгаа баялгаа тодорхой хэмжээнд хуримтлуулж баялгийн сантай болох хэрэгтэй байсан. Манай улс уул уурхай, гадаад зах зээлээс бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Экспортын 96 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Нэг юмнаас хэт их хамааралтай байна гэдэг буруу. Үүнийг бид мэддэг мөртлөө зохистой арга хэмжээ авч чадахгүй байна. Аж үйлдвэрээ хөгжүүлж бие даахгүй бол Орос Украины дайн, коронавирус гээд гадна талд ямар ч шок болсон манайх хамгийн түрүүнд өртөнө. Дараа өөр нэг өвчин, тахал гарлаа гэхэд бид ахиад л ийм байдалтай тулгарна. Бид сан бүрдүүлж доллартай, мөнгөтэй, валюттай болох ёстой. Бэлэн байх ёстой. Ингэхийн тулд үйлдвэрлэл явуулж дэлхий дахинаас доллар олох хэрэгтэй. Эдийн засгийн бие даасан байдал хамгийн чухал.

"Дайн дуусаасай”

Хэдийгээр дэлхий дахин тус хоёр улсын хооронд дайн болно гэж итгэж чадахгүй байсан ч харамсалтай нь энэ бүхэн эхлээд хэдийнэ дөрвөн сар болжээ. Энэ хугацаанд олон мянган хүн нутаг, орноосоо дүрвэж, амь насаа алдаж, гэр орон, хот тосгодоо үнсэн товорго болохыг харжээ. Ийм учраас дэлхий нийт Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, шахалт үзүүлсээр байна. Эхлээд нэр бүхий том компаниуд тус улсын зах зээлээс гарсан. Мөн банк, компани, хувь хүмүүст эдийн засгийн хориг тавьж байлаа. Түүнчлэн олон улсын банк хоорондын систем SWIFT-ээс ОХУ-ыг хассан. Энэ бүхэн түлш шатахуунаа тэндээс зөөдөг хөрш Монгол Улсад ч нөлөөгөө үзүүлсээр буй. Дайн сунжирч удах тусам чадал муутай эдийн засагтай бидний байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй. Энэ сарын 28-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олоф Шольц нартай утсаар ярьж, Украины нөхцөл байдал, дэлхийн хүнсний аюулгүй байдал зэргийг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ Орос-Украины хэлэлцээ Украины талаас шалтгаалж зогсонги байдалд орсныг онцолжээ. Тэрээр яриа хэлэлцээг сэргээхэд Орос нээлттэй гэдгээ илэрхийлсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн хувьд Владимир Путинтай биечлэн уулзаж хэлэлцээр хийхийг хүсэж буй.

 
Эх сурвалж: Үндэсний ТОЙМ сэтгүүл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>