Голомт банк PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн гишүүн байгууллагаар элслээ
Голомт банк Монгол Улсаас анхлан PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлд /PCI SSC/ хамтын ажиллагааны гишүүн байгууллагаар элсэн орлоо. Ингэснээр Голомт банк PCI аюулгүй байдлын стандартыг боловсруулах, тогтоох үйл явцад дуу хоолойгоо хүргэж, олон улсын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хамгаалах, сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэлхийд тэргүүлэгч 800 гаруй байгууллагатай хамтран ажиллана. Мөн жил бүр тус зөвлөлийн хурлаар кибер аюулгүй байдлын салбарын шилдэг туршлагаас хуваалцах, шинэ санал, санаачилга гаргах боломжтой юм.
Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Бид PCI аюулгүй байдлын стандартын байгууллагатай хамтран ажилласнаар дэлхийн жишигт нийцсэн илүү аюулгүй, илүү найдвартай төлбөрийн экосистемийг бий болгох боломжтой. Голомт банк тус зөвлөлд Монгол Улсаас элссэн анхны гишүүн байгууллага бөгөөд PayPal, Amazon, Microsoft, HSBC, Citi зэрэг дэлхийн томоохон компаниудтай мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд нэгдэн ажиллана” гэв.