БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харважээ
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ өнөө өглөө хоёр баллистик пуужин харвасан нь есдүгээр сарын сүүлээс хойших зургаа дахь туршилт нь боллоо гэж Японы Засгийн газар мэдээллээ.
"Пуужингуудын нислэгийн өндөр 50-100 орчим км байсан бөгөөд ойролцоогоор 350-800 км зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан” гэж Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ. БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, БНАСАУ өнөө өглөөний 6:01-6:23 цагийн хооронд Пёньян хотын орчмоос ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна.
Японы Засгийн газар Пёньяны мягмар гаргийн туршилтын талаар мэдээлсний дараа Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, БНАСАУ богино хугацаанд удаа дараалан пуужин харвасныг "огт хүлээн зөвшөөршгүй” хэмээн шүүмжилсэн байна. Япон улс Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд Японы нисэх онгоц болон хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй гэж Х.Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.