Хүүхэд насны мөрөөдөл нь биелж Месситэй хамт тоглож буй Альварес

294

Хүүхэд насны мөрөөдөл нь биелж Месситэй хамт тоглож буй Альварес

 

Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон шинэ залуу хөлбөмбөгчин олны анхаарлыг татсан юм. Түүнчлэн туулж өнгөрүүлсэн амьдралын түүхээрээ бусдын анхаарлыг татаж, уяраасан тамирчин ч бишгүй. Харин амьдралынх нь дурсамж төдийгүй авьяас чадвараараа дэлхий нийтийг гайхшруулсан хүн бол Аргентины хөлбөмбөгчин Хулиан Альварес юм. 

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сэлгээнд сууж эхлүүлсэн Альварес Хорватын эсрэг тоглох үед хоёр бөмбөг оруулж, хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээгээр түүний хүүхэд ахуйн гэрэл зураг хурдацтай тархсан юм. 

 

Энэ зургийг 2011 оны зун авчээ. 2011 онд Аргентинд Америкийн цомын тэмцээн болж байсан бөгөөд сүүлчийн тэмцээн Хулиан Альваресын өссөн мужийн нийслэл Кордовт болсон байна. Тухайн үед ердөө 11 настай байсан Хулиан Альварес Мессиг "амьдаар" нь  харахын тулд Кордов хотыг зорьсон гэнэ. Ердөө 2500 хүн амтай жижиг сууринд амьдардаг, тэндээсээ нэг их  явдаггүй байсан Альварес ийнхүү шүтээнээ харахаар хотыг зорьсон нь энэ.

 

Гэтэл суурингаас нь 120 км зайд оршин хотод Месси ирэхээр болсон нь хүү мөрөөдлөө биелүүлэх ганц боломж гэж бодож байв. Ингээд ааваасаа ах дүүгийнх нь хамтаар Кордов руу хүргэж өгөхийг гуйжээ. Аав нь ч зөвшөөрч. Тэд Кордовт ирж, хөлбөмбөгчдийн байрласан зочид буудлын гадаа цөхрөлгүй хүлээн, Мессиг хоолондоо гарах үеэр энэ зургийг авч чадсан нь Альваресын хувьд хосгүй завшаан болсон гэдэг. 

 

Энэ зургийг Альварес 2015 онд Мессигийн төрсөн өдрөөр олон нийтийн сүлжээнд оруулж, "Түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчид төрсөн өдрийн мэнд хүргэе! #Месси28" хэмээн бичсэн байна.

 

Тэрбээр  хүүхэд байхаасаа л Мессиг шүтдэг байв. Альварес хүүхэд байхдаа өсвөрийн хөлбөмбөгчдийн багт орон тоглодог байсан бөгөөд 2011 оны зургадугаар сарын 18-ны өдөр "Атлетико Кальчин" клуб "Дефенсорес" багийг 5:1 харьцаагаар бут ниргэсний дараа ялагч багийн од болох өсвөрийн хөлбөмбөгчин Хулиан Альварес дараах ярилцлагыг өгч байжээ. 

 

– Чиний шүтээн хэн бэ?

– Месси.

– Чи ямар мөрөөдөлтэй вэ?

– Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох. 

Ийнхүү 11 жилийн өмнө ярилцлага өгч байсан хүү өсөж том болон, ДАШТ-д оролцсон төдийгүй шүтээн Месситэйгээ хамт тоглов. Түүгээр ч зогсохгүй ДАШТ-ий үеэр оруулсан гоолыг нь Месси дамжуулж өгсөн юм.

 

Нутагтаа од төдийгүй хүнлэг чанараараа алдаршсан Альварес

 

ДАШТ-ээр од болсон Альваресыг төрөлх нутаг нь ч хүндэлж, Кальчин муж руу орох хэсэгт "Хулиан Альваресын нутаг болох Кальчинд тавтай морилно уу" гэсэн тэмдэг байршуулжээ. Энэ мужийн жинхэнэ ардын баатар нь Альварес болж. Түүнийг гагцхүү од гэдгээр нь биш жинхэнэ хүнлэг хүн гэдгээр нь хайрладаг гэнэ. Энэ нь түүний багштай холбоотой. 

 

Хулианы анхны дасгалжуулагч нь Рафаэль Варас байжээ. Тэрбээр өдөр нь жолооч хийж, нутгийн дэлгүүрүүдэд бараа түгээж, харин орой нь дуртай ажлаа хийн, "Атлетико Кальчин" багийнхаа жаалуудад хөлбөмбөг тоглохыг зааж өгдөг байсан гэнэ. Рафаэль Альваресыг онцгой хүүхэд гэж үздэг байсан тул арай ах хүүхдүүдтэй тоглуулдаг байж.

 

"Би түүний багш байгаагүй ээ. Хулиан шиг тоглогчид юм заана гэж байх уу? Яах вэ ганц нэг зөвлөгөө өгсөн. Тэр найм билүү есөн настай байхдаа таван өрсөлдөгчөө ялж байсныг санаж байна. Тэгэхэд л би манайд огт өөр төвшний тоглогч гарч ирлээ, бусдаас огт өөр, од болох хүн гэдгийг ухаарсан юм. " хэмээн Альваресын анхны багш хэвлэлийнхэнд ярьсан байна. 

 

Үнэхээр ч түүний төсөөлж байснаар Хулиан од болов. Үүний дараа тэрбээр анхны дасгалжуулагчид нь хүндрэл учирсныг олж мэджээ. Багшийнх нь машин хэт жижигхэн тул супермаркетууд руу бараа бүтээгдэхүүн хүргэхэд хайрцаг сав нь бүгдээрээ багтдаггүй байсан гэнэ. Ингээд нэгэн өдөр Рафаль Варас руу Альваресын аав утасдаад "Танайх руу очиж байна, гараад ирээч" хэмээн гуйжээ. Альваресын аав Варасын гэрийн гадаа ирэн сигналдаж, Варас гарч ирэхэд түүнд шинэ машины түлхүүр өгсөн аж. 

 

Варас үүнд итгэсэнгүй, харин дараа нь уярч, ихэд уйлсан гэнэ. Альварес өөрт нь ч түрүүлж мэдэгдэлгүй багшдаа бэлэг барьсан нь энэ. Альварес багшдаа бараа хүргэхэд хангалттай зайтай шинэ машин авч өгчээ. 

 

"Дараа нь Хулиан над руу утсаар ярьсан. Арван минутын хугацаанд би гурваас их үг хэлж чадаагүй. Уярсан, дахиад л уйлсан" хэмээн Варас сэтгүүлчдэд ярьсан байна.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/545716

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>