С.Шаарийбуу: Энэ олон жил намайг ч, үр хүүхдүүдийг нь ч охиныг минь хөнөөсөн зэрлэг аллагатай дүйцэхүйц хэмжээнд балбасан

286

С.Шаарийбуу: Энэ олон жил намайг ч, үр хүүхдүүдийг нь ч охиныг минь хөнөөсөн зэрлэг аллагатай дүйцэхүйц хэмжээнд балбасан

 

Малайз улсад амь үрэгдсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу: "Хуулийг дүрмээр шийддэг. Биелүүлэх ёстой. Ингэж шийдэж бай гээд батлаад өгчихсөн. Ийм зүйлийг хууль гэдэг. 1990 оны үед манай улс ардчилсан нийгэмд шилжсэн. Англи Саксоны хууль манайхаас огт өөр. Шүүх хурал дээр мөрдөн байцаалт явагддаг. Эрүүгийн хэрэг шийдсэн 12 жилийн турш миний талаас,манай талаас нөлөөлөх ямар ч бололцоогүй. Ийм л цаг үе байлаа. Охиныг минь зэрлэгээр хөнөөсөн, тэгж хэлдэг. Ийм хэрэг дэлхий дахинд фашизмын үед, дайны үед хүнийг аймшигтайгаар хороож байсан байж магадгүй. Тэр бол дайн. Жирийн үед хүнийг ингэж аймшигтайгаар хорооно гэдэг түүхэнд байдаггүй юм билээ.
Гэр орныхон нь, үлдсэн үр хүүхдийг нь, ядарсан намайг энэ олон жил тэр аллагатай дүйцэхүйц хэмжээнд аймшигтайгаар балбасан. Давхар намайг сөхөртөл хохироосон. Энэ бол хэлмэгдүүлэлт. Эдийн засгийн хувьд, амьдралын хувьд, сэтгэл санааны хувьд намайг босох чадваргүй болтол балбасан. Одоо яая гэхэв. Би азгүй юм, хувь тавилангүй хүн байсан юм байлгүй.
Тэглээ гээд үүнд би юу ярихав дээ. Энэ өдрийг хүртэл ямар ч гэсэн амьд явах ёстой гэж салганасаар өнөөдрийг хүрлээ. Хоёр хүүтэй байсан. Нэг нь бие тааруу байсан. Хөл дээр нь босгоно гэж олон жил зүтгэсэн ээж нь өнгөрсөн учраас би ээж шиг нь хайрлаж, асарч явж чадаагүй. Улсаас өгсөн 2 өрөө байраа зараад Малайз улсад хөрөнгө оруулаад дууссан. Тэгээд хөөрхий тэр хүү маань өвдсөөр өвдсөөр, ах нь өвчин намдаах эм тариа олох гэж зүтгэсээр, бие тааруу байсан хүү хорвоогийн мөнх бусыг үзсэн. Энэ бол их сургаальтай. Хүмүүс минь юманд болгоомжтой хандаж байгаарай. Ингээд 2018 онд Малайз улс олон жил идээ бээр мэт бугшиж байсан төрийн тогтолцоогоо өөрчилж чадсан. Би ч үүнд нөлөөлсөн. Үнэн юм үнэнээрээ байх ёстой. 2022 оны 11 сарын 19-ний өдөр шүүх хурал хийнэ гэж зарласан. Энэ өдрийг яагаад сонгосон бэ? гэж би захидал бичсэн. Санамсаргүй сонгоогүй байх, энэ өдөр л тодорхой шийдвэр гаргая гэж сонгосон байх аа? гэж асуусан.
Миний захидал очоод хэд хоносны дараа 2022 оны 10 сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захидал бичсэн байсан. Уг захидалд хоёр улсын харилцааны асуудлыг дурьдаад, энэ хэргийг шийдэх цаг нь болсон юм биш үү? гэсэн өгүүлбэр бичсэн байсан. Ийм учраас энэ их асуудалд дунд иргэнийхээ асуудлыг анхаарч, цаг үеэ олсон захидал явуулсан Ерөнхий сайдад иргэнийхээ хувьд талархал илэрхийлэх ёстой.
Ингэж ард түмнийхээ эрх ашгийн төлөө тууштай, зорилготой яваа, хүүтэй минь адилхан Ерөнхий сайд залууд ахмад хүний хувьд, багш хүний хувьд, Монголчуудын нэгэн төлөөлөл болохын хувьд би амжилт хүсье. Ямар ч асуудал туллаа гэхэд дагаж биш, сөрж гардаг юм шүү гэдэг жишээг Анвар Ибрахимов гэдэг хүний туршлагаас хараарай гэж захиж байна. Дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол олон жилийн турш Монголын гадаад харилцааны яам, консулын газар, хүний эрхийн комисс, хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүний эрхийн ТББ-ууд анхаарч ирсэн гэдгийг дурьдах ёстой. Зүгээр байсан гэж бодохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд зэрэг хүмүүс захидал илгээсэн. Уулзаж байсан. " гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>