Р.Эмүжин: Авсан авлигынхаа АРЧААГҮЙ ХОРИГДОЛ

289

 

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Авсан авлигынхаа АРЧААГҮЙ ХОРИГДОЛ 

Бодоод үзье л дээ. 7.3 тэрбум төгрөг бол зарим аймгийн төсөв цаашаа мөнгө. Ядаж л шингээх ходоод, шилгээх зайгаа мэдэж байж авилга авмаар юм. Цаанаа нэг өлөн, цадах мэдрэмж байхгүй. Дээр нь тооцооны ухаан, тооны ойлголт ч байхгүй. Авахаа л мэднэ үү гэхээр энэ их мөнгөөр юу хийж болох, хаана хэрхэн шингээж болох, ямар бүтээн байгуулалт хийж болох, хэрхэн хөгжил авчирч болох талаар ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байхгүй. Мөнгө нь овоорч оцойгоод шүүгээ сав, ор хөнжилд нь багтахаа болихоор сандарсандаа баахан үл хөдлөх хөрөнгө авч ховдог сэтгэлээ хоосон баярхлаар хуураад боллоо.

Амьдралын баяр баясгалан бол амжилт бүтээлээ анд нөхөд, амьдран буй нийгэм, цаг үетэйгээ хуваалцахад байдаг. Тэгж чадаагүй аз жаргал бол аймшигт тарчлаан л гэж мэд. Гэтэл манай ховдогийн гай яасан, 7.3 тэрбумынхаа боол, авдаг авлигынхаа хоригдол болсон. Тэрнээс цааш сэтгэж ч чадахаа больсон. Авлига авч байхдаа эхнэр хүүхэд, энхрий гэр бүлээ бодож байх нь яасан юм? За тэгээд гуравхан саяулаа, хэний гутал хаана хөглөрч, хэний машиныг хэн авч, хэний шүүгээнд хэн нуугдаж байгааг амраг садангаа тоолоод мэдчихдэг энэ Монголд хаанаа шингээнэ гэж хаа хамаагүй их авилга авдаг байна аа. Идүүрээ хэмжиж мэдэхгүй, идшээ тооцож чадахгүй улс авсан авилгадаа бүдэрч ойчоод, бүхнээ золиод дуусдаг хорвоо шүү дээ. За энгийнээр бодъё. Гэнэт л эгэл нэг айлын эхнэр 10 саяын булга өмсөөд, 100 мянган долларын машин унаад эхлэхэд байраараа, гудамжаараа, хотхоноороо жигшин шивнэлддэггүй гэж үү?

Нөгөө үнэтэй машинаа асаагаад цоорхой замаараа цондолзож, үслэг дээлийнхээ хормойг үнс шавхайтай гудамжаар чирч...зүгээр л хошин шог цаашаа, хогийн сав наашаа шүү. Онигооны эзэн, олзны золиос гэдэг чинь энэ л дээ. Тэр Батдөл гэж залууд бүр ядаж улс орныхоо эдийн засгийн даац, зах зээлийн багтаамжийн талаар ямар ч мэдлэг алга. Банкинд аваачаад хийх үү, банк байгуулах уу гэсэн энгийн асуулт ч ахдана. 7.3 тэрбумаар нь цагаан будаа юм уу, утаагүй түлш аваад Орхоны хөндийд овоолоод харуулбал төсөөлөлтэй болж магадгүй. Хэдэн сургууль, цэцэрлэг байгуулж болох байсныг ярьж өгөөд ч нэмэргүй. Тэгээд улсаараа уруудаж байхад 7.3 тэрбумаа тэврээд арал дээр ганцаараа ангайж үлдэнэ гэж бодсон юм байх даа. Түүнд "Гобсек"-ийг уншуул! Түүний дараа "Орост хэн жаргалтай вэ"-г уншуул. Айн Рэндийн "Атлантын нуруу тэнийв"-ийг угаасаа хүлээж авч чадахгүй, хөеөлөөд идчих биз. Эцэст нь энэ Күмад шавь юм уу, гөлөг болгож үрчлүүлбэл яг таарна. Бид ингэж л амьдарч, ингэж л боловсорч, ингэж л төр байгуулж тоглож байна даа" гэжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>