Монголд юу болоод байна вэ?!
Хөгжлийн банканд 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Ингэснээр тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гарчээ. Мөн бондуудын өрийг хугацаанд нь төлөөд явах боломж бүрдсэн байгаа юм. Манай зээлжих зэрэглэл ч "B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан. Нэг үгээр хэлбэл, 2022 оны төгсгөл гэхэд Монгол Улс дефолтын эрсдэлээс ангижирсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бас нэг "гэрэл”-тэй үйл явдал болсон.
Монголчууд нийтээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайг жигшин зэвүүцэж, түүнд гаргаж буй хууль хяналтынхан, тэр дундаа шүүхийнхнийг анхааралтай харж байгаа билээ. Гэхдээ шүүх сүүлийн хэд хоногт үйл ажиллагаагаа идэвхжүүлж, олны анхаарал татсан хэргүүд дээр шуурхай ажиллахаар "хөдөлж” эхэлсэн бололтой. Ийм байдал харагдаад эхэлсэн байна.
Баасан гаригт хуралдсан энэ ҮБХ нь С.Эрдэнийн ч, Х.Баттулгын ч байгуулсан ҮБХ биш байв. Тэр хоёр нь ч оролцсонгүй. Харин "нам”-ууд нь гадна талаас эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэхдээ аль алийнх нь ҮБХ-нд бүртгэлтэй АН-ын гишүүд энэ ҮБХ-г нь бүрдүүлээд байв. Тэгэхээр уг хурлыг зохион байгуулагчид одоо байгаа "тамганууд”-д бус Дээд шүүхэд найдаад хуралдаж байна гэсэн үг.
Гэхдээ түүний бай нь зөвхөн М.Энхболд, шалтгаан нь НАМЗХ биш байжээ. Тэр нь 2019 оноос харагдаж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ залгуулаад "Эрдэнэт”-ийн 49 хувь, шүүх, прокурор дахь "хонгил”, Оюу толгой, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олон том хулгайг ил болгов. Өнөөдөр тэр том хулгайнуудад олон хүн холбогдоод байна.
Наанаа "...Хувьцаа өглөө” гэх мэтээр ард түмнийг хошгируулдаг. Оюу толгой байна. Гэрээнээсээ эхлээд маш их ашиг сонирхлын зөрчилтэй. Сүүлд төрийн түшээ болсон нөхдүүд ч үйл ажиллагааг нь шалгахаар очоод, нэг хоёр гэрээний эрх авангуутаа "...Оюу толгой ёстой сайхан ашигтай ажиллаж байна” гээд л гараад ирдэг. Тэгдэг гишүүд өнөөдөр УИХ-д ч, засагт ч байж л байна.
Үнэндээ, ийм хулгайнууд илэрсэн нь сайн. Иргэд, олон нийт ч ингэж үзэж байна. Илрүүлээгүй, гаргаж ирээгүй бол нүүрснийхэн Тавантолгойгоо зарж идсээр, Хөгжлийн банкныхан тэрбум тэрбумаар нь шуудайлсаар, улстөрчид Оюу толгойд том жижиг шахаа хийсээр, "Эрдэнэт”-ийнхэн зэсээр гулгитлаа ашиг олж байгаа л даа. Юу үнэн, энэ үнэн.