Баабар: Улс орныг авилгачдаас салгаад өгөөч, Ерөнхийлөгч өө!
Одоогоос 14 жилийн өмнө ийм нийтлэл бичиж хэвлүүлж байсан байх юм? Луварчингаас хулгайч, худгайчаас дээрэмчин... хэвээрээ л байх шив дээ!
Бүтээгч, сэтгэгч, ологч гэж байдаг гэнэ. Хүн болгон л бүтээгч сэтгэгч ологч байдаг л даа. Гэхдээ хүний түүхэнд бусдад үлдээсэн юмтай бүтээгч сэтгэгч ологч тийм ч элбэг биш. Дараалал нь уг нь сэтгэгч, ологч, бүтээгч гэж явах юм байна л даа. Карногийн циклийг Карно нээж дотоод шаталтын хөдөлгүүрийн зарчмыг олжээ. Бэнц, Дизэль нар анхны машиныг бүтээж. Харин Форд автомашины индустр буй болгож ХХ зууныг нүүр царайг тодорхойлжээ.
Польшийн коммунист намын удирдагч асан Герек хэдэн жилийн өмнө нас барлаа. Түүний оршуулгад сая хүн оролцсон. Польшууд коммунизмд яснаасаа дургүй атал энэ хүнийг ингэтлээ хүндэтгэсэн явдал нь тэрээр польшийн Форд байсан юм.
Польш айл болгон автомашинтай болох ёстой гэсэн программ дэвшүүлээд Италийн Фиат машины хамгийн хямд жижиг загвар болох "фиат-126” –ийн үйлдвэр босгож бүх коммунист орнуудад хүн амд ноогдох машинаар хамгийн тэргүүнд нь оруулж чаджээ. Наяад онд Эв санааны нэгдлийнхэн гарч ирэн коммунизмыг харааж гарахад Герек шиг муу хүн байгаагүй. Харин нийгэм эргээд тайвширсан хойно түүний эх орноо автомашинжуулсан гайхамшигт дэвшил бүтээснийг нь хүмүүс мартсангүй. Герек бол бүтээгч.
Хүн төрлөхтний түүхэнд сэтгэгчид туйлын ховор тохиосон, тэднийхээ нэрийг хүмүүс цээжээрээ мэддэг. Магаллен шиг ологч хэрэгжүүлэгч батлагч бас нэлээдгүй олон. Харин амьдрал дээр хэрэгжүүлж бүтээж босгогчид маш олон. Бүтээгчдийн хүчээр хүн төрлөхтөн урагшилдаг. Бас ухардаг. Нийгмийн аугаа сайн сайхны тухай Карл Маркс шинэ юм бодож олжээ.
Үүнийг Ленин хэрэгжүүлж Сталин, Мао зэрэг аваргууд бүтээн буй болгосон. Шанд нь хэдэн зуун сая хүний амь нас үрэгдсэн. Ерөөсөө бүтэхгүй юм гэдгийг л нотлохын тулд шүү дээ. Сүпэр хүний тухай Ницшэгийн сэтгэлгээг хэрэгжүүлж бүтээх гэж үзсэн Гитлерийн туршилт хүн төрлөхтнийг эгээтэй л мөхөөчихөөгүй. Эдний бүтээсэн аварга байгууламж үхсэнийх нь дараа юу ч үгүй нуран унасан. Марксизмын фанат Цэдэнбал Монголд коммунизм туршиж байна гээд зөндөө л сүйтгэл учруулсан. Өөрийнх нь хэлж байгаагаар нэгдэлжүүлэх ажил хийсэн нь түүхэн үйлдэл гэнэ. Хамаг амьтны хөрөнгийг хүчээр булааж авсныгаа хэлж байгаа юм.
Гэхдээ л Цэдэнбал хоцрогдсон бүдүүлэг оронд соёлын хувьсгал хийсэн юм. Дундад зууны бүдүүлэг нүүдэлчдийг бөөснөөс нь салгалаа, арьс өнгөний өвчнийг нь эмчиллээ, усанд ордог болголоо, дотуур хувцастай, цагаан хэрэгслэлтэй, халбага сэрээгээр хоолоо идчихдэг бичиг үсэгтэй иргэн болгосон хүн. Энэ талаас нь харах ахул Цэдэнбал нь Монголдоо бүтээгч.
Монгол үндэстэн хүний түүхэнд орохуйц сэтгэгч төрүүлсэнгүй. Ер нь цөөхөн үндэстэнд ийм хувь тавилан ноогддог байх. Ологч ч байхгүй. Тийм элбэг байдаггүй юм гэсэн. Бүтээгч олон бий. Дэлхийн утгатай биш гэхэд үндэсний хэмжээндээ. Хубилай, Газан нар бол дэлхийн хэмжээний бүтээгчид. Хубилайг Хятадын түүхэнд тохиосон хамгийн аугаа гурван хааны нэгд тооцдог. Өнөөгийн Бээжинг босгосон хүн шүү дээ. Богд хаан төвд үндэстэн боловч Монгол улсын тусгаар тогтнолыг эргүүлж авчрах их үйл бүтээсэн учир бидний мөнхийн бахархал. Сэтгэгч байхын тулд асар их оюуны чадвартай байх хэрэгтэй. Ологчийн хувьд мөн л сэтгэлгээ оюунаас гадна эрсдэл хийх чадвар, нөр хөдөлмөр шаардлагатай. Харин бүтээгч байхын тулд эрх мэдэл, мөнгө хөрөнгө зайлшгүй шаардлагатай. Сэтгэгч нь бие хүнд хамааралтай бол бүтээгч нь нийгэмд хамааралтай. Франклин Америкийн нийгмийг, Яшидо Японы нийгмийг, Сингх Энэтхэгийн нийгмийг, Тэтчэр Английн нийгмийг өөрчилж чадсан. Нөхцөл нь ч бүрдсэн байгаа биз, гэхдээ энд хувь хүний түүхэн роль маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Орчин үеийн Монголын нийгэмд Бямбасүрэн сайдын гүйцэтгэсэн үүргийг дээрхи хүмүүстэй адилтгаж үзмээр санагддаг юм. Хэрэв тэр хүний түүхэнд тохиосон үүргээ ухамсарлаж чадсан, зоригтой алхам айлгүй хийж дөнгөсөн зэрэг нь байгаагүйсэн бол өнөөгийн бидний амьдрал өөр л байх байлаа. 1996 онд Ерөнхий сайд Энхсайханы хийсэн зоримог алхамууд ч улс орны нүүр царайг өөрчлөхөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Гэтэл энэ хоёр том реформчдын завсар ямар харамсалтай дөрвөн жил хий өнгөрлөө дөө. Энхбаяр газар хувьчилж эхэлснээрээ, Баяр Оюутолгойг эргэлтэнд оруулснаараа хойч үедээ мөнх дурсагдах болно. Энэ бол тэдний нийгмийн өмнө байгуулсан том гавъяа. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаггүй ч юм уу, үнэхээр нөхцөл бололцоо нь бүрдээгүй байдаг ч юм уу хариуцлага хүлээсэн местэнд оччихоод үлгэр ярьсаар байгаад ээлж өнгөрөөсөн хүн ямар олон байдаг юм бэ? Бүх хүнд таалагдах гээд, эсвэл хэнтэй ч муудахгүй гэж гоё царайлж явсаар өнгөрөөсөн хугацаа нь энэ ард түмэнд эргээд тун ч хүнд тусдаг. Юм хийсэн хүн муулуулдаг, хийгээгүй нь магтуулдаг, гэхдээ энэ бол түр зуурын л үзэгдэл. Үнэн дүнг цаг хугацаа л гаргадаг юм даа. Энэ л утгаараа өнөөгийн манай Ерөнхий сайдын хэнтэй ч муудалцахгүй, хэнд ч муу хэлүүлэхгүй гэсэн баримтлал нь давамгайлаад ард түмэндээ ээлтэй даргаар тодроод байх шиг. Цаг түүх ч эцэст нь өршөөлгүй л юм шиг билээ.
Саяхан Засгийн газраас нэгэн марзан шийдвэр гарч байх юм. Төрийн өмчит үйлдвэрүүдийн хяналтыг сайжруулахын тулд иргэний хөдөлгөөнийхнийг ТУЗ-д нь оруулж суулгана гэнээ. Луварчингаас хулгайч, Хулгайчаас дээрэмчин..., мөн биз? Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын хөдөлгөөн зургаан мянга гаруй бий.
Хэнийг нь онцолж төрийн өмчийг хянуулах гэж байна? Чанга орилж жагсаал цуглаанаар хоолоо олж иддэгүүдийг үү? Тэд ард түмнийг төлөөлж чадах уу? Нэг нь тузчин болоход нөгөөд нь яагаад тийм эрх олдохгүй байх вэ? Мөнөөх хянагчид төлөөлөх эрх нь хэрхэн олдох вэ? "Шүүгчийг хэн шүүх вэ” гэсэн мөнхийн асуулт. Луварчингаас худгайч, Хулгайчаас дээрэмчин... дамжлага нь энэ л дээ! Төрийн өмч мэдээж ихэнх нь хулгайн замаар орж байгаа. Ерөөсөө манай тогтолцоо тийм. Рэкетчинг ард түмний нэрээр тэнд оруулахаар нэг халбага л нэмэгдэх юм биз дээ. Түүний оронд төрийн байгууллага юу юу хэдээр худалдаж авсан юунд ямар мөнгө зарснаа ил зарладаг, сонинд хэвлэдэг, сайтаар мэдээлдэг болоход авилга хулгай арай багасмаар санагдах юм.
Эрдэнэтийг хэн тонож суудгийг, цахилгаан станцыг хэн сүйрүүлдэгийг, төмөр замыг хэн хусдагийг тэгээд хэдийг суйлдагийг нь бүх нийтээрээ харж байя л даа. Ийм ажлыг Ерөнхийлөгч санаачилж хэрэгжүүлбэл авилга алга болохоо байг гэхэд нэлээд дундрана даа.
Дараагийн шинэ Ерөнхийлөгчтэй боллоо, Юутай ч цаазаар авах ялыг үгүй болгосноор Монголын түүхэнд том гавъяа байгууллаа. Бид дэлхийн бусад орны нэгэн адил иргэнших ёстой л доо. Амьтан үүнийх нь төлөө их л муу хэлж байна, гэхдээ цаг хугацаа түүний талд. Энэ бол баталгаатай. Элбэгдорж урьд нь Ерөнхий сайд байхдаа авилга хээл хахуулийн эсрэг нэлээд дуугарч байсан. Үүнийх нь шанд ч огцруулчихсан байх шүү. Манай нийгмийг авилга муухай харагдуулаад байна гэдгийг ч олон удаа хэлж байсан. Авилгатай орон хөгжлийн тухай санаархаад ч хэрэггүй. Тэр дундаа газрын баялагаар баяжиж байгаа орон авилга цэцэглүүлбэл баялагийн хараал хүртэж байгаагаасаа долоон дор юм болдог.
Авилга өнөөдөр Монголын нийгмийн амьдралын салшгүй нэг хэсэг болтлоо өөриймшсөн. Энэ бол мөхлийн дохио. Үүнийг Элбэгдорж Ерөнхийлөгч сайтар ойлгож байгаа болов уу. Ерөнхийлөгч болохын тулд янз янзын л юм амалсан даг. Түүнээс тийм олон юм нэхэлгүй, зүгээр л энэ орныг авилгаас салгаад өгөөч гэж гуймаар санагддаг юм.
Ид шид үгүй, тэгээд ч эрх зүйн орчин нь олон талаар хязгаартай байдаг учраас улс орныг өөрчлөөд хөгжүүлээд гялайлгаж гялтайлгаад өг гэж шаардах нь утга учраар бага. Харин хөгжлийн чөдөр болсон авилгад хаалт саад хийгээд өгөөч гэж л гуймаар байна. Ингэнэ ч гэж амалж байсан. Одоо бид амлалтаа нэхэх ёстой биш үү? Ганцхан энэ л амлалтыг түүнээс нэхэцгээе. Шууд мөнгө нэхснээс хамаагүй дээр, учир нь манай нийгэмд авилга буурахын хэрээр ард иргэдийн орлого өснө. Энэ хоёр урвуу хамааралтай байдаг юм.
Баабар