2024 оны сонгуульд "хар машины хүч" хүрэх үү

290

Сонгууль болохын өмнөх жилд Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг жишиг тогтож буй билээ. Энэ удаад ч мөн хуулийг өөрчилж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг УИХ дэмжих бололтой. Харин 38+38 байх уу, 48+28 байх уу гэдэгт өргөн хэлэлцүүлэг өрнөх нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганаас харагдсан юм.

Хувь тэнцүүлж хэдэн гишүүн оруулж ирэхээс үл хамааран намын жагсаалтыг нээлттэй гаргахаар болсон байна. Нээлттэй гаргана гэдэг нь саналын хуудаст намын ч нэр, хүний ч нэрийг саналын хуудаст бичихийг хэлэх аж. Ингээд иргэд сонголт хийхдээ намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж буй бол намыг, харин тухайн хувь улстөрчийн дэмжиж буй бол тухайн улстөрчийг сонгох аж. Гэвч улстөрчид өгсөн санал нь намын нэр дээр тоологдох юм байна. Жагсаалтыг ингэж нээлттэй гаргаснаар иргэд намын жагсаалтаар УИХ-д хэн суух вэ гэдгийг мэдэх боломжтой хэмээн хууль санаачлагчид тайлбарлав.

Харин жагсаалтыг нээлттэй гаргахад сонгуулийн "хар машин"-ы хүчин чадал хүрэх үү гэдгийг гишүүд асууж байв. Манай улсад нийт 37 нам УДШ-д бүртгүүлсэн байна. Үүнээс 10 нь сонгуульд орлоо гэж бодоод нээлттэй жагсаалт гаргана гэвэл дор хаяж 380 хүний нэрийг дурайлган бичих шаардлага тулгарч буй. Яг бодит байдал дээр энэ тоо улам ч нэмэгдэнэ. Тиймээс саналыг хуудсаа хэрхэн бөглөх вэ, түүнийг нь "хар машин" уншиж дийлэх үү, ер нь нээлттэй жагсаалт гаргах техникийн хүчин чадал бидэнд бий эсэхийг гишүүд асууж байлаа.

Үүний хариуд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Манайд бүртгэлтэй 37 нам хоорондоо эвсэхгүйгээр намын жагсаалтаа гаргаад, нэмээд мажораториор нэр дэвшигчдээ дэвшүүлсэн тохиолдолд саналын хуудас хэр том болох вэ гэдгийг макет хийж үзсэн. Манай ашиглагдаж буй санал тоолох төхөөрөмж бол 56 см /дөрвөн нүүр/ саналыг хуудсыг унших чадалтай. Мөн үүнийгээ хоёр талаар нь уншиж болно. Энэхүү дөрвөн нүүр буюу хоёр хуудас саналын хуудсыг хоёр талаар уншигдахаар хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, техникийн боломж бололцоо хүрнэ" гэж хариулав.

https://itoim.mn/a/2023/04/15/politic/itj

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>