Нийт олгосон газрынхаа хэмжээгээр М.Энхболд тэргүүлж, нэг жилд олгосон газрынхаа тоогоор Д.Сумъяабазар удааллаа
Анх 500 мянган хүн ам оршин суухаар зохион байгуулагдсан Улаанбаатар хотод өнөөдөр Монгол улсын хүн амын 50 хувь нь шахцалдан амьдарч байна. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд үе үеийн Хотын дарга нарын зохион байгуулалтгүйгээр газар олгосны горыг одоо нийслэлчүүд амсч, цементен ширэнгэ дунд түгжрэлдээ гацан уур бухимдлаар дүүрэн амьдрах болов. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс дураар нь газар олгож, тэндээсээ ашиг хонжоо хүртсэн хотын дарга нарын балагаар Азийн цагаан дагина гэж дэлхийд нэрлэгдэж явсан Улаанбаатар хот өдгөө ямар болсныг хүн бүр мэдэх болов.
Өнөөдөр ЦХХ-ны сайд Н.Учрал сүүлийн 20 жилд Хотын дарга нарын олгосон газар олголтын түүхийг ил болгож байгаагаа мэдэгдлээ. Тэр энэ мэдэгдлийнхээ өмнө " "Өнөөдөр та бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дээд зэргийн зохион байгуулалтгүй, шахалдаж амьдарч байна. Улсынхаа газар нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг ийм хот дэлхий дээр үлдсэнгүй.” гэж хэлэв. Энэ үнэн.
Улмаар ЦХХЯ-ны шилэн болгосон shilen.gov.mn сайтад ил болсон мэдээллээс хэн гэгч хотын дарга хамгийн их хэмжээтэй газар олгосон, хэн гэгч хотын дарга хамгийн их газар олгох шийдвэр гаргав гэдгийг шүүж үзлээ.
2000 оноос хойш Нийслэлийг М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар удирдаж ирлээ. Тэдгээрээс хамгийн их хэмжээтэй газар олгосон Хотын даргаар М.Энхболд нэрлэгдлээ.
Миеэгомбын Энхболд нийт 6 жил хотын даргын албыг хашихдаа нийт 7374 удаагийн газар олголт хийсэн бөгөөд хамгийн их буюу 2004 онд газар олгох шийдвэрийг 2048-ыг гаргажээ. Тэгвэл одоо хотын даргаар ажиллаж байгаа Д.Сумъяабазар хотын дарга болсон даруйдаа газар олгох шийдвэрт 621 удаа гарын үсэг зурснаараа удаах байранд бичигджээ. Тодруулбал тэр 2020 онд нийт 621 газар олголт хийсэн байна.