Хэн шувуу, хэн нь дэгдээхэй юм бэ
Энэ төрийн өнгөнд 5 Ш хэмээх ажиллагаа нийгмийн толь болж байна. Бид байгаа бүхнээ, ер өнгөрсөнд хийгээд одоо яаж амьдарч байгаагаа толины тусгал мэт бүгд харж авав.
Дуулиант 5 Ш-ийн нэг болох "Шувуу” ажиллагаагаар улс, ард түмэндээ сөрөг бүхнийг хийчихээд гадагшаа оргон зайлсан этгээдүүдийг олж ирэх, ингэхдээ эрхзүйн харилцан туслах гэрээ бүхий орнуудтай хамтран ажиллаж буй. Гэтэл байсхийгээд мэдээлэл задарч, байршил нь зарлагдаж, "шувуу”-нууд нь үргэж нисчихээд байгаа гэх. Зарим тохиолдолд байршлыг нь тогтооход тэрхүү мэдээллүүд харин ч тустай "үргээлэг” болоод байх шиг.
Саяхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байршил тодорхой болсноор Америкт үнэтэй хороолол дахь гэртээ амьдраад байх боломж нь хумигдсан гэнэ. Өнөөх гэртээ очихгүй байгаа гэх сураг гарав. Тэгэхээр мань эр удахгүй ирэх нь тодорхой болсон гэж таамаг хөвөрч байна.
Гэтэл зарим нь Ч.Сайханбилэг бол "шувуу”, бусад нь дэгдээхэй, жараахай гэж ярьж бичих болж. Энэ бол хэрэг замхруулах, өрөвдүүлэх гэсэн тактик л байх. Ингэж жиших нь ямар ч авцалдаагүй. "Их барьсан ч, бага барьсан ч өмхий” гэгчээр буруу бусармаг зүйл хийгээд оргосон л бол бүгд гэмтэн "шувуу” байх. Харин хумсалсан нь хэд хэчнээн, учруулсан хохирол нь хүнд хөнгөн аль нь болохыг шүүх тогтоох биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН