“УИХ-ын тусгай чуулганыг яаралтай хийх хэрэгтэй”

351

“УИХ-ын тусгай чуулганыг яаралтай хийх хэрэгтэй”

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулав. 
Монгол Улс нүүрсээ ил тод арилжаалж эхэлснээр байгалийн баялгийн үнэ цэн нэмэгдэж Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байна. Үүний үр дүнд 2023 оны нэгдүгээр улиралд нэг тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрч өсчээ. 


АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 
-Манай Улс төсвийн тогтворжуулалт болон ирээдүйн өв сан байгуулж хуримтлал хийхээр хуульчилсан боловч өнөөдөр тус сангууд төсвийн алдагдал нөхөгч касс болон хувирлаа. Уул уурхай үнэ өсөнгүүт төсвийн зардлыг огцом өсгөх нь түүхий эдийн үнэ унаж эдийн засаг хумигдах ямар хүндрэл авчирдаг гашуун түүхийг өнгөрсөн жилүүдэд хамтдаа туулж өнгөрүүлсэн.Гэвч бид үүнээс сургамж авалгүй ирэх жилийн төсвийг 20 их наяд давсан их тэлэлттэй, хоёр их наядаар тоологдох алдагдалтай, ДНБ-ий 35 хувь давсан хэмжээтэй байхаар тооцож байна. Уул уурхай эрдэс баялгийн үнэ өсөх нь эргээд түүхий эдийн үнэ унаж эдийн засаг хумигдахад гашуун хүндрэл авчирдгийг бид мэднэ.


УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Арилжааны банкнаас малчид зээл авахаар банкууд заавал малын индексжүүлсэн даатгалд хамрагд гэж шахаад хамруулаад байгаа гэх асуудлыг ярьж байна. Хоёрдугаарт, зах зээл худалдаа эрхлэгчид татварын тухай хуулиар орлого нь тодорхойлох боломжгүй иргэд гээд татварынхаа хөх дэвтрээр татвар төлөхөө больчихсон. Одоо жижиг худалдаа эрхэлж буй иргэдийг заавал тайлан гарга гэж шахдаг. Малчид ч гэсэн адилхан. 50 сая хүрэхгүй бизнес эрхлэгчид, малчдыг тайлан гарга гэж шахах хэрэг байна уу. 


Сангийн сайд Б.Жавхлан: 
-Ойрдоо Засгийн газрын хуралдаанаар та бүхэн таслаагүй суугаад л байгаа шүү дээ. Та бид хоёр цуг төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан байгаа. Таны асуусан асуултад төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой нэг ч зүйл байхгүй байна.


УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Би Засгийн газрын гишүүнээ мэдэж байна. Засгийн газраас өргөн барьсан төслөө ч мэдэж байна. Тиймээс төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой асуулт асуухгүй. Хөдөө орон нутгийн иргэдийн тавьж буй асуудлыг уламжилж байна. Юм л бол Засгийн газрын гишүүн юу  ч дуугарч болохгүй гээд мянган үгний таглаа гэдэг шиг байж болохгүй сайд нар. Зээлтэй холбоотой асуудлыг Сангийн яам ярих хэрэгтэй. Далимдуулаад байж болохгүй.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 
-Горимын чанартай зүйл хэлье. УИХ-ын яаралтай тусгай чуулган хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч, тусгай байгууллагууд сууж байгаад өнөөдрийн тулгамдаад буй асуудлыг ярьж ямар арга хэмжээ авах гарц шийдлээ гаргамаар байна. Бодит байдалд энэ өвөлжилт хүндэрч хавар маш айхтар зутруу байлаа. Одоо ч зун болоогүй байна. Дээрээс нь цалин тэтгэвэртэй холбоотой асуудал байна. Цалингийн зөрүү их гарлаа.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
 -2023 он гарснаас хойш импорт, экспорт сэргэж эдийн засгийн үзүүлэлт сэргэсэн тал байгаа. Энэ нь голдуу уул уурхайд түшиглэсэн өсөлт. Тойрогтоо ажиллахад иргэдийн тавьж буй хамгийн чухал асуудал үнийн өсөлт байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зарим нь зуун хувь өссөн. Импортоос хамааралтай барааны хувьд ойлгож болох ч дотоодын үйлдвэрлэлийн үнэ өндөр байна. Жишээ нь гурилын үнэ. Манай улсад үнийн өсөлтөд хийсэн судалгаа байна уу. ШӨХТГ үнийг хянадаг, Засгийн газраас авсан зүйл байна уу. Б.Жавхлан сайд аа, 2024 онд цалин, тэтгэврийг ямар хэмжээнд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна вэ. Зээлийн хүү өндөр байгаа нь бодлогын хүүтэй холбоотой. Зээлийн хүүг буулгах талаар ямар арга хэмжээ авах вэ? 2024 онд ханшийг хэдээр тооцож байна вэ. 


Сангийн сайд Б.Жавхлан:
 -Удахгүй есдүгээр сард 2024 оны төсвийг өргөн барихад цалингийн бодлогыг цэгцэлнэ. Засгийн газраас төрийн албан хаагч нарын цалин тогтвортой бөгөөд нэгдсэн бодлогоор барих боломжгүй байгаа энэ үед цэгцлэх нь хамгийн том асуудал. Уг нь ХНХЯ төрийн алба хаагч төдийгүй Монгол Улсын цалин, хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг чиглүүлж байх ёстой. Гэтэл бодлогын чадамжгүй болтлоо хуулиудаар тал тал тийш нь хүчгүйдүүлсэн. Зээлийн хүү бол цэвэр зах зээлийнхээ жамаар тогтдог. Бид 2019 оны жилийн эцсээр арилжааны банкны зээлийн хүү дунджаар 12 сарын 1 хувь руу орж ирж байсан. Гэсэн хэдий ч олон сорилт тулгарлаа. Цаашдаа эдийн засгаа тогтворжуулах, алдагдлаа бууруулахыг зорьж ажиллаж байгаа нь зээлийн хүүг бууруулах макро бодлого юм гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>