Өмгөөлөгч С.Ялалт: Шийдвэр эцэслэгдвэл банкууд иргэдэд 1 хувийн шимтгэлийг буцаан олгоно

335

Өмгөөлөгч С.Ялалт: Шийдвэр эцэслэгдвэл банкууд иргэдэд 1 хувийн шимтгэлийг буцаан олгоно

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ШӨХТГ-ын гарсан гомдлыг хэлэлцэн, тэдний талд хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Тодруулбал, арилжааны 9 банк ипотекийн зээл олгохдоо иргэдээс зээл судалсны 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байна гэсэн ШӨХТГ-ын актыг үндэслэлтэй, хүчинтэй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ уг шийдвэр нь эцсийн биш бөгөөд одоо банкууд Улсын Дээд шүүхэд хандах эрхтэй юм.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул: ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар 12-нд ипотекийн зээлтэй холбогдолтой арилжааны 9 банкны авч буй шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгаврыг тавьсан. Үүнийг арилжааны банкууд эс хүлээн зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Анх шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, банкуудын талд шийдвэр гарсан. Уг шийдвэрийн эсрэг манай газар давж заалдаж өчигдөр давах шатны шүүхийн шийдвэр манай талд гарлаа. Ингэснээр манай газраас арилжааны 9 банкинд өгсөн албан даалгавар хүчинтэй болж байна. Үүнээс цааших процессыг танилцуулахад, шүүхийн шийдвэр албажин ирэхийг хүлээж байна. Үүний дараа арилжааны банкууд Улсын дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авах эсэх нь тэдний бүрэн эрхийн асуудал. Хэрвээ гомдлыг хүлээн аваагүй тохиолдолд ШӨХТГ-аас тавьсан албан тушаалтны акт хүчин төгөлдөр үйлчилнэ.

Бас нэг зүйл хэлэхэд, ШӨХТГ-аас хийсэн шалгалт нь 2021, 2022 оны хамарч байгаа.

ШӨХТГ-т өмгөөллийн туслалцааг О.Батхүү, С.Ялалт үзүүлсэн бөгөөд тэд байр сууриа илэрхийллээ.

Өмгөөлөгч С.Ялалт: Хэрэв Улсын дээд шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкууд хэрэгжүүлэх шаардлага үүснэ. Үүнд, өмнө нь үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгоно. Хоёрт, ирээдүйд олгох зээл дээр үндэслэлгүй шимтгэл авахгүй болно. Арилжааны банкууд албан даалгаврыг сайн дураараа биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж, албан гүйцэтгүүлэх ёстой. Иргэдэд анхааруулж хэлэхэд, уг албан даалгавар 2020, 2021 онд ипотекийн зээл авсан иргэд дээр яригдаж байгаа юм. Үүнээс өмнө зээл авсан иргэд хууль бусаар шимтгэл авсан гэж үзвэл Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй. Өмнө нь Иргэний хэргийн гурван шатны шүүхээр хоёр удаа зээлийн шимтгэлийн асуудал эцэслэгдэж шийдсэн байдаг. Иргэн өөрөө хууль бус шимтгэл авсан талаараа нэхэмжлэл гаргаж, хоёр удаа Улсын дээд шүүх иргэний талд шийдсэн. Энэ хоёр хэрэг дээр хоёулан дээр нь миний бие өмгөөлөл үзүүлсэн. Тиймээс заасан оноос өмнө зээл авсан иргэд Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нээлттэй.

Өмгөөлөгч О.Батхүү: Миний хувьд 2022 оны дөрөвдүгээр сараас энэ асуудал хөндөж ярьсан. Эхлээд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүлсэн, албан бичиг өгсөн, уулзсан. Харамсалтай нь, Монголбанк энэ асуудал дээр ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс дараа сард нь ШӨХТГ-т гомдол санал өгсөн. Энэ саналдаа "Банкууд 1 хувийн шимтгэлийг хууль бусаар авч, иргэдийг хохироогоод байна. Тиймээс шалгаж өгөөч" гэж гомдол гаргасан. Энэ хүсэлтийн дагуу ШӨХТГ нэр бүхий 9 банкинд шалгалт оруулж, ипотекийн зээлээс 1 хувийн шимтгэл авах нь хууль бус болохыг тогтоож акт авсан. Үүнийг эс зөвшөөрч банкууд шүүхэд хандсан. Шүүхэд хандахад, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй буюу стратегийн өмгөөлөл үзүүлсэн. Үүний үр дүнд өчигдөр Захиргааны хэргийн давах шатны шүүх бидний талд хэрэг маргааныг шийдвэрлэлээ. Энэ эцсийн шийдвэр биш гэдгийг сая хэллээ. Гэхдээ банкууд давж заалдсан ч Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авахгүй байх гэж бодож байна. Учир нь, яг ийм асуудал Улсын дээд шүүх дээр хоёр удаа шийдэгдэж эцэслэгдсэн маргаан. Ипотекийн зээлээс 1 хувийн шимтгэл авах нь хууль бус юм гэдгийг Улсын дээд шүүх тогтоосон. Одоо нэгэнт гаргасан шийдвэрээ хянах уу, үгүй юү гэдэг дээр өмгөөлөгчийнхөө таамгаар хянахгүй л гэж харж байна.

Гурван хугацаа яригдаад байгаа. Нэгд, 10 жил буюу 2013-2023 онд хүртэл. Үүнийг Улсын дээд шүүх нэг удаа хүлээн авч шийдсэн. Банкууд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шийдсэн. Хоёр дахь нь гурван жил буюу гэрээтэй холбоотой маргаан гэсэн асуудал бий.

Ямар ч байсан мөнгөтэй, 20-30 өмгөөлөгч ажиллуулдаг банкуудыг яллаа. Хуулийн дагуу асуудлыг шийдэж чадсантай баяртай байна.

Сүүлийн арван жилийн байдлаар ипотекийн зээлтэй 110 мянган иргэн байна. Үнийн дүнгээр авч үзвэл 1 хувийн буцаан ойлгох дүн 47 орчим тэрбум төгрөг болж байгаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>