Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд Монгол, Лаосын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх айлчлалын хүрээнд Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх зорилгоор “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцоллоо.
Айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Монгол, Лаосын бизнес форум нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын ойр дотно харилцааг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд онцлон тэмдэглэв.