ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАН ШАЛГУУЛЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХААНА ЗАМХАРСАН БЭ

526

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАН ШАЛГУУЛЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХААНА ЗАМХАРСАН БЭ

 

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад хэд хэдэн гишүүн шалгагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон болон Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд Их хурлын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Харин хаврын чуулганаар АТГ-аас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай байгааг мэдэгдэж байв. Тодруулбал, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар дээр нэмээд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн гэсэн үг. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. Нүүрсний хулгайн хэрэг өнгөрсөн өвөл, хавар хэсэг шуугиж байгаад одоо бараг мартагдах шахжээ.

   Харин саяхан АТГ-аас зарим УИХ-ын гишүүнийг хэрэг ямар үе шаттай яваа талаар мэдээлэл өгсөн юм. Тухайн үед “Нүүрсний хулгайтай холбоотой хэргийн 85 хувийг шүүхэд шилжүүлсэн. Тэднээс онцолбол, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэг шүүхэд шилжсэн. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын мөрдөн байцаалт дуусаж, хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байгаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг шалгах ажиллагаа дуусаагүй байна" гэсэн юм.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нар ямар хэргээр шалгагдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллэхдээ “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ 28.7 тэрбумын ногдол ашиг илүү авч “Капитрон” ХХК-иа угаасан, Т.Аюурсайхан 1.6 тэрбумын хөрөнгөө тайлбарлаагүй, Н.Наранбаатар Б.Ганхуягт нөлөөлж хятадуудад давуу байдал олгуулгосон” гэх.

  Харин нүүрсний хулгайн хэргийн гол зангилаа УИХ-ын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхантай шууд холбогддог хэмээн эх сурвалжууд онцолдог. Түүний хамгийн ойрын хамтрагчдыг толгой дараалан хуулийн байгууллагаас цагдан хорьж байгаа ч “дээл”-ээ давхарласан гишүүн “Би нүүрсний хулгайн хэрэгт ямар холбоогүй” гэж гүрийж байсан удаатай.  Тухайлбал, Т.Аюурсайханын хамгийн ойрын хамтрагч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдан, цагдан хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн. Үндсэндээ нүүрсний хулгайн хэргийн хамгийн том оролцогч Б.Ганхуяг нь Т.Аюурсайхантай бизнесийн хувьд ч, ажил амьдралын хувьд дотно харилцаатай.

       Тэд улс төрд анх орохдоо намынхаа дэргэд Төрийн бус байгууллага байгуулж, өвөр түрүүндээ орохоос наагуур нөхөрлөж байсан. Түүнчлэн Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон түүхтэй. Б.Ганхуягийг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албанд очиход Т.Аюурсайханы нөлөө их байсан гэдэг. “Шударга тав”-н гишүүн Төв талбайд жагсаж байхад Б.Ганхуяг Т.Аюурсайхантай хамт тэмцэж, хөдсөн дээлэнд хөл, гараа хамт бүлээцүүлж явсан дотнын нөхөд. Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж, түүний хамаарал бүхий этгээдүүдийг нүүрсний хулгайн хэрэгт буруутган, гэр болон ажлын байранд нь хууль хяналтын байгууллагаас нэгжлэг хийж, цагдан хориод байгаа. Т.Аюурсайханы хоёр шадар туслах болох Б.Отгонжаргал, И.Даваадорж нар хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг будилаантуулж, өөрсдийнхөө “Лаки лайф” компанид авсан талаарх баримтыг бид хөдөлшгүй баримтаар ил болгоод буй. Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханын туслах И.Даваадорж 2018 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг дамлах, тендерүүдийг нь хулгайгаар түүж, хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн хэд хэдэн газарт хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болзошгүй баримтууд ч ил болсон.

      Үндсэндээ Б.Ганхуягийг "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаа томилогдсоноос хойш Т.Аюурсайхан, түүний хамаарал бүхий этгээдүүд “Үрээгээ танихгүй” баян болтлоо хөлжсөн гэдэг. Энэ нь ч яалт ч гүй нүүрсний хулгайн асуудалтай шууд холбогдож байгаа юм. Харин хамсаатан, саднаасаа нүүр буруулж, Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал гэх нэрээр хар толгойгоо хамгаалж байгаа Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэргээр бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр эхний жагсаалтад багтаасан баримт байна. Төв талбайд хөлөө жиндтэл, хацраа хайруулж зогссоныхоо хариуд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудлаар шагнуулж, “давхар дээл” нөмөрсөн тэрбээр, “давхар дээл”-ээ тайлах хугацаа тун дөхөж байгаа бололтой. Эрх мэдэл, албан тушаалд холбогдсон бусад гишүүд тэднийг зарчмаар хөлжсөн гэх.  Мөн өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал гарч байсан. 

 

https://ergelt.mn/news/1/single/39430

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>